Wednesday, 29 April 2009

Language violence

Хэлний хүчирхийлэл
Л.Түдэв
Аливаа үндэстэн ястныг таних гол тэмдэг нь арьсны өнгө, хэл, яриа хоёр юм. Шар арьстанг монголоид (монголжуу), хар арьстанг негроид, цагаан арьстанг европеид гэж ялган нэрлэдэг болсон нь арьсны өнгөөр тодорхойлох ерөнхий нэр томъёо бөгөөд монголжуу хэмээх бүлэгт хүн төрлөхтний ам бүлийн дийлэнх олонхи нь багтдаг. Гэхдээ энэ бол их ерөнхий нэр. Монголжуу гэгдсэн шар арьстай, хавтгай нүүртэй, хар үстэй хүмүүсийн дотор яг жинхэнэ монгол үндэстэн нь цөөхөн билээ. Монголжуу хүн үү, монгол хүн үү гэдгийг таних бас нэгэн мөнхийн тэмдэг бий. Түүнийг “Монгол толбо” гэж шинжлэх ухаанд нэрлэсэн. Монгол хүнээс өөр хэн ч ууцныхаа төгсгөлд хөх толботой төрдөггүй учраас дэлхийн анагаах ухаанд “Монгол толбо” гэж нэрлэгдсэн энэ үзэгдэл одоо хүртэл бүрэн тайлагдаагүй байна. “Энэ нь жижигхэн хөх толбо бөгөөд тийм гэх хэлбэргүй, ууцныхаа төгсгөл хавьд байдаг тэгээд арван насанд арилдаг” гэж эртний соёл судлаач нэрт эрдэмтэн Сильванце Морли бичсэн юм. Энэчлэн Англи, итали, орос, чех эрдэмтдийн “монгол толбо” гэдэг үзэгдлийн тухай бичсэн зүйл цөөнгүй. Тэр тухайд 30 шахам жилийн тэртээд “Монгол толбо” гэдэг исээ бичиж билээ. (Бүтээлийн чуулган, 17 дугаар боть, 22-26 дугаар талд)
Монгол хүнээ ямар ч эндүүрэлгүйгээр таних байгалиас, магадгүй хөх тэнгэрээс заяасан энэхүү хөх толбо бол монгол үндэстний таних онцгой тэмдэг. Гэвч далд газар байх тул зэрвэс хараад ч билээ таних бололцоо хөндлөнгийн хүнд байхгүй, бас тэгээд монгол толбо арав юмуу арван нэгэн насанд нь жил орох, арван гуравны агт араа ургахаас өмнөхөн арилчихдаг тул байнгын тэмдэг гэхэд хэцүү. Харин монгол хүний насан туршид үгүй болдоггүй, үргэлж хэрэглэгдэж, ам нээх болгонд нь танигдаж байдаг хамгийн гол шинж тэмдэг бол “монгол хэл”. “Өсөхөөс сурсан үндсэн хэл-монгол хэлээрээ” монгол үндэстэн гэдэг үнэмлэхээ болгосон монголчуудын үндэсний баялаг, үндэсний бахархал, үндэсний угшил, энэхүү ярьдаг хэл нь бөгөөд майлахад нь хонь гэж, янцгаахад нь адуу гэж, буйлахад нь тэмээ гэж малаа таньдаг шиг л маргашгүй андуурашгүй шинж тэмдэг нь юм. “Өсөхөөс сурсан” гэдэг үгийг бодохдоо монгол хүн “унаган хэл” хэмээн нэрлэдэг. “Унаган орос хэлтэй” “унаган хятад”, “унаган англи” хэлтэй мөртлөө монгол царай зүстэй хүмүүс сүүлийн үед элбэг болж байгаа нь ялангуяа Хальмаг, Буриад, Өвөрмонголд захаас аван дайралддагчлан “Монгол толботой” төрдөг мөртлөө шонхор хамартай, шар үстэй, цэнхэр нүдтэй хүмүүс ч Мажар гэхчилэн улс оронд бас цөөнгүй. Амьдрал ахуй, орон зай, цаг хугацааны эрхшээлээр аливаа үндэстэн “төрөл арилжсан мэт” өөрчлөгдөх магадлалтайг түүх харуулсан “Монголоидууд жаран мянгаас доошгүй жилийн тэртээд Австралид нэвтрэн орсноос хойш урт чацтай, ихээхэн үсэрхэг төрхтэй болсон нь европчуудаас ялгагдахгүй, гагцхүү царай нь цайвар бишээс өөр онц ялгархаар юмгүй болчихсон” гэж эрдэмтэн Г.Кочемасов бичсэн нь эргэцүүлэн бодмоор үг мөн. “Болно, болно. Болохгүй юм байхгүй” гэдэг чинь ийм болой.
Харин монгол эх орондоо төрж өсөөд, монгол хэлээрээ хэлд орж, монгол зан суртахуунаараа төлөвшиж байгаад европеидүүдээс ялгарах юмгүй болчихвол монгол үндэстэн уусч үгүй болохын цондон юм. Өнөөгийн Монголчууд, ялангуяа нийслэл болон хот суурингуудад төрж өссөөр буй залуучууд нь европчлогдож, юуны уръд салангид өмд, цамц хоёр өмсдөг болж бүсээ гээсэн. Түүнийг “гонжоом, пэнжээк” гэж нэрлэхэд хүрсэн. Бас хөх толбот нурууг нь хамгаалж байдаг бүсээ бүслэхгүй болж зөвхөн “гонжоомоо” тэлээгээр тогтоодог, тэгээд эрчүүд нь “бүсгүйчүүдтэй” адилхан болсон. Урьдын цагт айлын эхнэр болж, зүүн хаяанд нь сууж, хүүхдээ хөхүүлэхээс эхлээд гэрийн ажилд зүтгэж ахуйд сэлдэн голдуу суудагтаа тулсан хүүхнүүдийг бүсгүйчүүд гэж нэрлэдэг байж, өнгөрсөн зууны гучаад оноос “хүмүүн төрлөхтөнгийн дотроос хүнд ихээр дарлагдсан хөөрхий бидний бүсгүйчүүд” гэж дуулалдан сэргэн мандсан билээ. Харин “бүстэй хүн” асан эрчүүд нь өрнөдийн цээж, бөгсөөрөө салдаг хувцсанд шимтэж, “бүсгүй” хүмүүс болцгоосон шигээ өрнөдийг дуурайж өдөрт гурван удаа “мах”, “махан төрлийн” (өндөг, хиам гэхчилэн) хоол иддэг болсон нь зуны цагт сүү цагаан идээ, өвлийн цагт махан идэштэй явсан өвөг дээдсийнхээ хооллох горимоос гажсан. Гэвч цаг агаар, хөх тэнгэр өөрчлөгдөөгүй тул хоолны шинэ горим нь түүнтэй зөрчилдөж, хүн зон өөрөө золиос нь болж эхэлсэн.
Монголчуудын хувцаслах, хооллох журамд гэнэт нэвтэрсэн өөрчлөлтүүд нь юуны урьд сургууль, эмнэлэг, цэрэг, албан яамдын газарт соёолсон юм. Албаны шинэ түшмэлүүд орос маягаар хувцаслаж, үр хүүхдээ тэр маягтаа оруулж, цэргийн дараа нь цагдаагийн хувцсыг оросжуулж, нэг, хоёр, гуравдугаар хоол гэхчилэн хооллох горимыг өөрчилсөн. Дараа нь гол төлөв орос газар бас европд илгээсэн хүүхэд залуус нь мөнөөхөн европчлогдсон хувцас өмсч хоол зооглоход даган орж улмаар бусдыг гараас нь хөтлөх болсон. Хувцас, хоол хүнс мэтийн зүйл бас солиход төвөггүй амархан ажил юм. Дуураймтгай, сониуч монголчуудыг бол амархаан элсүүлчихээр ийм үзэгдэл одоо нэгэнтээ газар авчээ. Бас ахуй нь өөрчлөгдөж нүүдэлчин, малчинаас суудалчин, хотожсон хүмүүс болж, эсгий гэрээ шавар байшингаар сольж, хурдан морио суудлын тэргээр орлуулж, галд ээхээ больж, халуун уураар жигнүүлэн, шилэн чийдэнгээр гоёсон, аргал түүж, ус зөөхөөс хүүхдээ чөлөөлж хөдөлгөөн хомсдолын хам шинж бүрдүүлэх бүхий л нөхцөл буй болгоход өөрийн эрхгүй зүтгэцгээсэн. Энэ бүхнийг нуршин тоочихын учир гэвэл үндэстний төрх өөрчлөгдөхөд бараг л хүч хэрэглэхгүйгээр нэвтэрч буй үзэгдлүүдийн дотроос хүчирхийлэлийн аргаар үйлдэгдэж буй нэгэн хэрэг явдлын тухайд ярихын удиртгал болгон өгүүлэх гэснийх. Хувцасны хэв маяг өөрчлөгдөх, хоолны горим, орц шинэчлэгдэх мэт нь хэдийгээр тус тусдаа ямарваа сул талтай ч гэсэн үндэстэнг бүхэлд нь өөрчлөхөд гол зүйл байж чадахгүй ч биз. Гэхдээ эсгий оймстой монгол гутал өмсч насаа элээсэн эмээгийн ач охин нь хавар намар шилэн оймс, өндөр өсгийт өмсөөд бараг шалдан мэт явж харагдахад чамин мэт боловч цэл залуугаараа бөөр нь муудаж, сав нь хөрч, элэг нь хатуурахад юунаас болсныг үл ойлгон толгой сэгсэрч суух тохиолдол улам элбэгшиж буйг нурших юун!
Харин өвөө нь хөдөөнөөс ирээд ач хүүтэйгээ ярих гэтэл

-Дээд паампэрс дай! гэж өмнөөс нь шулганаад орон дээр байгаа нэг памбагар юмыг заахад ойлгосонгүй

-Юу гэнээ? Юугаа шулганаад байна даа? гэж өвөө нь лавлахад хүргэн хүү нь сонсоод инээж

-Дээд гэж таныг хэлж байна. Паампэрс гэж тэрнийг хэлж байна гээд нөгөөх памбагар юмыг зааж “дай” гэж “өг” гэж байгаа байхгүй юу? гэсэнд

-Ямар хэлээр ярьж байгаа мөндөл вэ? гэж өвөө нь толгой сэгсэрч лавлахад хүргэн нь

-Дээд гэж оросор дед-өвөө гэсэн үг. Дедушка ч гэдэг. Памперс нь энэ л дээ гээд орон дээрээс нэг юм авч өгөхөд өвөө нь

-Үгүй энэ чинь ердөө л живх байна шүү дээ. Сайндаа л памбагар живх гэвэл болоо юм бишүү. Дөнгөж хэлд орж байгаа амьтныг монголоор хэлж сургахгүй дээ.
-Орос цэцэрлэгт явдаг юм уу? гэж лавлахад хүргэн нь

-Хүүхэд байтугай томчуул бид нар чинь л үүнийг паамперс гэж дэлгүүрийнхнээс сураад ярьдаг болчихлоо гэтэл охин нь нөхөртөө хандаж

-Мээсэж мээнэжирээс ирлээ. Мийний мээлдэж маагсий интэрээсдэж гэнээ. Паап чи паапагаа аваад ир гэх нь тэр. Охиныхоо ярианаас юу ч ойлгосонгүй тул хүргэнээсээ

-Авгай чинь юу ямар хэлээр яриад байнаа? гэж асуув.

-Илгээлт ирсэн юм байхаа. Богино банзал хямдарч урт нь үнэд орсон бололтой. Тэгээд л намайг хавтастай бичгээ аваад ир гэж байна хэмээн орчуулж өгөв.
“Охин минь монголоороо л хэлд орсон юмсан. Тэгээд одоо өөр хэл сурчихсан юм байхдаа!” гэж бодоод

-Авгай чинь гадаад хэл сурчихаа юу? гэж хүргэнээсээ асуувал

-Ямар ч хэл сураагүй. Монголоороо л ярьж байгаа иь энэ. Хотынхны яриа! гэж хариулаад гарч одоцгоов.
“Хувцас хүнар, хоол унд өөрчлөгдөх нь ч одоо яая гэх вэ? Хэл яриа нь монгол гэх аргагүй болчихно гэдэг мөн хачин юм даа” гэж өвгөн бодлогоширч суутал ач хүү нь:

-Дээд, хөөө дээд! Чи тийвий нээгээд өг! гэж өвөөгийнхөө ханцуйнаас чангаахад

-Ямар юм нээлгэх гээд байнаа, энэ мөндөл чинь! гэж өвөө нь гайхахад ач хүүгийн эгч нь:

-Дээд биш даади байхгүй юу гэж дүүгээ зандарснаа өвөөдөө

-Бацаан чинь, таныг энэ зурагтыг асаагаад өг гэж байна л даа. Дандаа л тэгж байдаг байхгүй юу! гэв. Өвөө нь гайхаж ач хүүгийнхээ хамрыг чимхэж
Нэгд, би дээд биш өвөө чинь, хоёрт, өвөөгөө байтугай энэ эгчийгээ чи гэж дууддагүй, та гэж хүндлэх ёстой. Гуравт, тийвий гэж энэ хайрцагийг чинь зурагт гэж хөдөөнийхөн хэлдэг юм. Дөрөвт, хаалгыг нээхээс биш энэ зурагтыг нээх аргагүй. Харин залгах юмуу ажиллуулна гэвэл арай дээр ойлгогдоно. Мэдэв үү? За, бас чиний эгч чинь ч чамайг бас бацаан гэнэ үү, нэг хачин хоч нэр өгсөн бололтой бас тэгээд “байдаг юм бол бас байхгүй хэрэг үү? гэж сургамжилсан чинь ач охин үг дааж сураагүй бололтой:

-Та өөрөө ч гэсэн миний дүүг “Мөндөл” гэж хочлоод байгаа биздээ Мөндөл гэдэг чинь юу юм бэ? гэж хажуугаас асуув.

-Хүүе, чи чинь бас дориун хэрүүлч хүүхэд болох нь үү? Мөндөл гэдэг чинь тарваганы бяцхан зулзагын нэр, жижигхэн хөөрхөн амьтантай зүйрлэж өхөөрдөж байгаа юм л даа гэсэн чинь өвөөдөө бүр гомдож

-Пөөх, миний дүүг хулгана гэж байгаа юм уу? Ээжид хэлнэ дээ гээд гарах гэснээ зурагтын товхыг дарчихаад гүйж одов. Том гэгчийн дэлгэцэн дээр нэг том хүн нэг жаалыг магтаж,

-Та чинь тогтмол шүдээ угаадаг юм аа? гэж асуух нь сонсогдов. Шүдний оо, сойзыг магтаж байгаа бололтой.
“Хүүхдийг та гэх нь ч хаашаа юм бэ? Бас тэгээд тогтмол ус гэхээс тогтмол шүд гэмээргүй юм даа. Тогтмол гэхээр бүүр хөдөлдөггүй бат шүд гэж байгаа юм болов уу? Тэгвэл угаах шаардлагтай юм уу? Уул нь шүдээ тогтмол эсвэл байнга угаадаг гэж магтаж байгаа юм болов уу?” хэмээн өвгөн амандаа бувтнаж суутал бас нэг зар мэдээ зурагтаар гарч, шилтэй ундааг тамшаалсан хүүхэд “аягүй гоё!” гэж хэлэх нь сонсодов.
“Аягүй гэдэг чинь муухай гэсэн үг баймаар. Гэтэл “аягүй гоё” гээд байдаг. Улсын төвлөрсөн зурагтын нэвтрүүлгээр арай ингэж ярьмааргүй юм даа” гэж өвгөн мөн л аман дотроо үглэв. Тэгтэл “Монголын Үндэсний Олон Нийтийн Телевиз” гэсэн үг гарч ирэв. Өвгөн бас л гайхлаа. “Монголын Үндэсний Олон Нийт” гэхээр одоо энэ казакуудыг хэлж байгаа юм болов уу, эсвэл халхуудыг хэлж байгаа юм уу? Уул нь “Монголын Олон Нийтийн Үндэсний Телевиз” гэмээр юмдаа гэж өвгөнийг бодож суутал гаднаас том ач хүү нь орж ирээд

-За өвөө, хоёулаа гарах уу? Би танд хотыг үзүүлэх даалгавар ааваас авсан. Надад нэг л цагийн зав байна гэх нь тэр. Өвгөн ч ухасхийн босч хотын байдалтай танилцахаар яарав. Төв гудамжаар өгсөөд ач хүүтэйгээ хөтөлцөн яваа хөдөөний тэр өвгөний нүдэнд эрээн мяраан өнгөтэй голдуу гадаадын бичгээр харь хэлээр дармаллан зурсан гоё хээнцэр хаягтай газрууд гудамжны хоёр талаар бие биеийнхээ хаяаг даран зайгүй үргэлжлэж байлаа хааяа нэг монгол нэртэй газар байгаа ч гэсэн “хаан бууз”, “зочин бууз” гэхчилэн, хачин цол хэргэмтэй байх ажээ.

-Энэнд орж үзэх үү, өвөө ? гэж ач нь нэгэн дэлгүүр бололтой газрыг заахад өвгөн

-Хаяг нь юу гэж байна? гэвэл

-Мэдэхгүй, англиар биччихсэн бололтой. Юу гэж байгааг мэдэхгүй. Баар бололтой гэж ачийгаа хэлэхэд өвөө

-Тэгвэл орж болохгүй гэв.

-Яагаад? Өвгөн толгой сэгсэрч

-Яагаад гэвэл гадаадын хүний ордог газар бизээ. Түүнээс биш монгол хүнд зориулсан бол монгол хэлээр хаягласан баймаар даа гэв. Оршил болгон өгүүлэх яриагаа үүгээр цэглэж Монголдоо монгол хэлнийхээ эрэлд гарах болсны учрыг мөшгөө.

Нэг.Заяамал хэлний заяа

Хэл заяасан учраас хүн төрлөхтөн хорвоогийн хамгийн их ухаантан болж улмаар хүн төрлөхтөн гэдэг агуу их хамтлагт нэгдэж дэлхийг эзэгнэн өдгөө сансарт тэмүүлж байгаа билээ. Хүмүүс хэлтэйн ачаар бие биенээ ойлголцож, эрдэм ухаанаа хөгжүүлж, өв соёлоо бүтээж, өнгөрсөн одоо ирээдүйгээ холбож чадсан ажээ.
Өнөөдөрийн хүн төрлөхтөн 7000 орчим хэлээр ярьж, бичиж, ойлголцож байна. Тэрнээс ч дутахгүй олон хэл мөхөж бас бие биендээ уусч, нэг хэсэг нь эзнээ алдсан түүхийн урт замыг хүн төрлөхтөн туулжээ. Гэхдээ өвөг эртний хэл цөөхөн байжээ. Түүний үгийн сан нь ч мөн л цөөхөн байсан ажээ. Тэр цөөхөн нь хэлний хөгжлийн дагуу, хүний танин мэдэхийн хүрээ тэлэхийн хамтаар үгнээс үг үүсч төлжсөөр олширсоор буй ажээ. Өвөг хэлний өвөг үгийг зуугийн тоонд багтахаар байсныг судалсан эрдэмтэн Свадеш “зуун үгийн онол” дэвшүүлжээ. Зуун үгтэнгүүд зуун мянган үгтэн болох үйл явц олон оныг дамжин үргэлжлэж одоо ч дуусаагүй байна. Зуун үгийн өвөг хэлнүүдийн нэгэн нь монгол хэл байсан, одоо ч байсаар ахуй нь хөх толбот монголчууд бидний үндэсний бахархал юмаа.
Гэвч үндэстэн мөхдөг шиг хэл бас мөхдөг буюу “эзнээ алддаг”, үндэстэн өөр үндэстэнд уусдаг шиг хэл бас өөр хэлэнд уусан эрлийзждэг бичигдээгүй хууль бий.
Ганц зуун жил өнгөрөхөд одоо хэлцэгдэж буй хэлнүүдийн 90 хувь нь үгүй болно гэдэг урьдач дүгнэлтийг Америкийн эрдэмтэн Бернард Комри гаргажээ. Америкийн нөхцөлд энэ нь үнэнд тун ойрхон дүгнэлт юм. Учир нь угаасаа америк хэл гэж байгаагүй. Англи хэлний нэгэн хувилбараар л америкчууд ярьж бичдэг. Өнгөрсөн зууны эхээр (1902-1904) анх хэвлэгдсэн “Американа” гэдэг нэвтэрхий 16 боть тольд 60 мянган өгүүлэл (1918 оны хэвлэлд) орсон ажээ. Харин хойт, өмнөд Америкийн баруун эргийн дагуу аль дивангараас оршин суусан уугуул иргэдийн ихэнх нь өвөг монгол хэлний нэгэн хувилбараар ярьж бичдэг бөгөөд анх тэр тивийг нээсэн гэх европын жуулчид энэтхэг гэж андуураад “инди”, “индейчүүд” гэж нэрлэсэнээр индейчүүдийн хэлнүүдийн олонхи нь одоо американизмд шахагдан хэрэгцээнээс гарчээ. Уул нь хэл мөхөнө гэдэг ойлголт эргэлзээтэй л дээ. Хэрэв бичиг үсэгтэй байсан бол хэл мөхдөггүй зөвхөн хэрэгцээнээс гардаг буюу гээгддэг. Америкийн инга буюу индейчүүд дотор “ингэ”, “инга”, “ингэд” гэдэг овог байсан учир тэднийг ингэдүүд гэж нэрлэж байвал арай монголжуу болох юмсанж. Бүүр энгийнээр хэлбэл “инга” гэж нэрлүүштэй билээ. Ингэдүүдийг Гватемала, Мексик, Эвкадор, Перу, Аргентин зэрэг орноор явж байх үед зүс царайг нь харж, хэл яриаг нь сонсож, зарим зан заншилыг нь үзсэн болохоор аргагүй тэд нар бидний садан төрөл мөн гэж таньсан билээ. Тэр тухайд замын тэмдэглэлүүддээ тодорхой бичсэн тул нурших юун. (Бүтээлийн чуулган, VII ботид буй). Америкийн хүн амын 15 хувь нь “монголжуу” арьстан гэж нэвтэрхий тольд бичигдсэн нь гол төлөв ингэдүүдээс бүрдсэн тул тэд өвөг монгол хэлний 100 үгийг шошоон, тэлэнгэд, аймар, хэцүү гэхчилэн хориод овгийнхон өнөө хүртэл хадгалсаар, хэрэглэсээр буй гэж хэлж бүрэн болно. Монгол гал голомтыг сахиж байдаг өнөөгийн Монгол ард улсын иргэд бидний мартаж, гээсэн өвөг үгнүүд ч ингэдүүдийн амнаас унаж байхыг сонсож билээ. Ингэдүүд Амөрикад “бага ястан” гэгдэж зах хязгаар нутагт шахагдан суудаг хавчигдмал хувь заяаныхаа эрхээр хэл яриа нь хаягдаж, гээгдэх аюул нүүрлэсэн гэж болно. Харин тийм аюул огтхон ч тулгараагүй Монгол ард улсад монгол хэл мөхөх байтугай хамгийн хүчтэй хөгжиж байх учиртай билээ. Гэтэл өнөөгийн манай нөхцөл байдалд монгол хэл хүчирхийлэлд автагдаж, эрлийзжиж, зэрэмдэглзгдэж байгаа нь нэг л мэдсэн, магадгүй 50 жилийн дараа “төрөл арилжих”, “гээгдэн орхигдох”тавилантай тулгарч мэдэх юм. Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачлага ивээлээр хэсэг эрдэмтний боловсруулж, Улсын Их хурлаар батлагдсан (2008 онд) “Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого” гэдэг баримт бичигт “2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох”, “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болгох” гэж тус тус заажээ. Үүнээс үзвэл зургаан жилийн дараа англи хэл манайд “бүх нийтийн голлох гадаад хэл” болох юм байна. Бүх нийтийн гэдэгт хамрагдахгүй хүн байх ёсгүй биз. Бас 11 жилийн дараа манай төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд нь албан ажлаа англи хэлээр явуулах ч юм байна. Тэгэхээр өнөөх монгол хэл маань чухам юунд, хэнд хэрэглэгдэх нь тодорхойгүй болж хоцрох бизээ.
1921 оноос 1991 оныг хүртэл далан жилийн турш орос хэлийг монголчуудын “голлох гадаад хэл” болгохоор умард хөрш маань “их зүтгэл” гаргасан боловч бичиг үсгийг нь л кирилжин буюу орос цагаан толгойгоор сольсоноос цааш нэг их хэтэрч чадаагүй, БНМАУ-ын төрийн албан хаагчид монгол хэлээрээ албан ажлаа явуулж, үр хүүхдэдээ монгол хэлээрээ ерөнхий болон дээд боловсрол олгосоор ирсэн билээ. Бичиг үсэг солигдсон ч эх хэлээ сольдоггүй монголчууд урьдын түүхэндээ цөөнгүй бичиг үсэг зохиох, зээлдэх аргаар хэрэглэж явсан ч “чихнү чимэг болсон аялгуу сайхан монгол хэлнээсээ” урваагүй юм.
Тэгэхээр тав, арван жилийн дотор бүх нийтээр англи хэлтэй болж, төрийн албаа ангилаар явуулах тэр зөгнөл хэр зэрэг бодит үндэстэй бол? Нийслэл Улаанбаатарын гудамжны хаяг, самбарууд шиг хэлний “хүчирхийлэл” гааруулбал чухам хэр зэрэг ахиц гарах бол?
Олон улсын хэл болгох гэж тэмүүлсэн үндэстэн өөрийнхөө хэл ч үгүй, хүний хэл ч үгүй болж байсан түүх хүн төрлөхтөнд бий. Эрт цагт гэрээг хэл, латин хэл дундад зуунд, франц хэл XVIII зуунд, англи хэл XX зуунд олон улсын хэл болохоор ихэд түгэж байсан ч гэсэн түрүүчээсээ орхигдон мартагдсаар (латин хэл шиг) байгаа нь бас нэгийг хэлж буй үзэгдэл гэлтэй.
Францчуудын өвөг дээдсийн хэл байсан галь хэл, этрүс хэл “эзнээ алдсан” шиг бретон, баск болон бургунди нутгийн аялгуу, норманди аялга үгүй болж тэр бүхнээс эрлийзсжсэн франц хэл (француудын өөрийнх нь төрлөх хэл биш) арван наймдугаар зуунд Европод давамгайлан өрнөж Оросын сэхээтэнүүдийн хоёрдохь хэл нь болж байгаад хорьдугаар зууны сүүлчээс ханш нь буурч эхэлсэн. Гэтэл Африк тивд одоо 1700 хэл, аялгуугаар ярьдаг хүмүүс аж төрж буйн дотор бикья хэлээр ганц авгай ярьж үлдсэн нь 87 настай ажээ. Амазонка мөрний ширэнгэд аж төрдөг хүмүүс 120 хэлээр ярьдаг бөгөөд тэдгээрийг өнөө хэр судалсан хүнгүй байх жишээтэй. Хэл гэдэг хачин хувь тавилантай үзэгдэл гэдэг нь ийнхүү захаас аван баримтаар нотлогдож байдаг. Харин ямарваа хүн юуны урьд заяамал төрлөх хэлтэй (эхээс төрж хэлд орохдоо сурсан) бас сурмал буюу олдмол хэлтэй байж болдог. Гэхдээ заяамал хэл анхдагч бөгөөд түүгээрээ дамжуулан олдмол хэлтэй болдог. Олдмол хэл хичнээнийг ч “олж” сурч болно. заяамал хэл үе залгамжлах, удамшлын бичлэгтэйн хувьд хүнээс яавч гээгддэггүй. Саяхан нэгэн залуу эр харийн орны олон хэл сураад эх орондоо эргэж иржээ. Өрнөдийн орны бараг л бүгдийнх нь хэлийг сураад ирсэн. Тэгээд ус цас шиг ярьдаг бичдэг байж. Тэгтэл гай тохиолдож осолд ороод эмнэлэгт хэвтэж эдгэрээд ажилдаа орсон чинь олдмол бүх хэлээ мартаад ганц монгол хэлтэйгээ үлдсэн байжээ. Ус цас шиг ярьдаг гадаад хэлнүүдээсээ нэг ч үг санахгүй болсон байж гэнэ. Заяамал хэл нь харин хэвэндээ үлджээ. Тэгэхээр заяамал хэлээ “хуучинсаг” хэмээн ад үзэж олдмол хэлээр гайхуулдаг зарим залуус, бас улс төрчид “хэлний түрэмхийлэл” хийхэд тэргүүн эгнээнд жагсдагт эргэлзээгүй.
“Хэлний түрэмхийлэл” манай нөхцөлд дороосоо биш дээрээсээ эхэлдэг болсоор зуугаад жил өнгөрч байна. Хорин нэгдүгээр зуунд энэхүү “Language violence” төр, засгийн тогтоол, шийдвэр, хуулиар дамжин хийгдэж эхлээд байна. Сүүлийн хорь шахам жилд эрх баригчид, эрх барих байгууллагуудын гаргасан албан шийдвэр, тогтоол тэр ч байтугай зарлигуудад монгол хэлэнд нь дүймэн (дүйз) байсаар атал харь хэлний үг оруулан хүмүүст хүчээр “цээжлүүлэх” хандлага улам гаарсаар байна. “Лиценз”, “лизинг”, “моргейж”, “аудит”, “менежер”, “бонд”, “брокер” гэхчилэн харь хэлний нэр томъёо чихээстэй баримт бичгүүд дээрээсээ доош хөвөрсөөр байгаа нь монгол хэлийг баяжуулахад биш бантагнуулахад нэмэр болсоор удлаа. “Аудитын хууль” гэхчилэн гадаад нэртэй хууль, түүний дагуу буй болсон байгууллага ажиллаж тэр нь хүмүүсийн ой тойнд буухгүй хөндий үг хэвээрээ цаг хугацааг элээсээр байна.
“Хэлний түрэмхийлэл” манайдаа шинэ юм биш. Өнгөрсөн зууны хориод оноос эхлээд орос үгээр түрий барих түрэмгийлэл өрнөсөн. Түүнээс өмнөх 300 жилд манж, нанхиад, түвд үгийн түрэмхийлэл байнга үргэлжлэж байсан. Манжийн эрхшээлд байсан болохоор түшмэдүүд манж, нанхиад үгсийг төрийн ажлын хүрээнд нэвтрүүлэх гол зүтгэлтнүүд нь болж өгсөн. Харин түвд үгийг лам хуврагууд голчлон түгээж байлаа. Хорьдугаар зууны эхнээс Орост болсон хувьсгалын нөлөөгөөр орос нэр томъёо монгол хэлэнд нэвчиж эхэлсэн Октябрь гэдэг үг бараг хамгийн түрүүнд орж ирсэн хэрэг. Түүний хойноос феодал, винтов, наган, танк, тэгээд социализм, коммунизм, арми, совет, союз дараа нь пионер, лекц, телефон, машина, больниц, танец, артель, комун, физик гэхчилэн цөөн бус үг шууд нэвтрэн орж ирэхэд нь тийм зүйл урьд нь байгаагүй, бас хэрхэн монголчлохоо бодож цэгнэх завдалгүй мэдлэггүй гэхчилэн олон шалтгаанаар харь үгнүүд хаалтгүй орж ирээд нэлээд нь өнөөг хүртэл ам дамжсаар байна. Тэр ч байтугай монгол хүний өгүүлэх эрхтэн, авиа гаргах онцлогт нь байхгүй ф, щ, п, р, к зэрэг үсгээр (авиа) эхэлсэн үгнүүд (феодал, физик, фабрик, контор, кабин, радио, роль, редактор) олноороо монгол “ам руу орж, гарахаас” аргагүй болсон. Тэдгээрийг бичих гэхнээ нь бас яг тийм үсэг босоо бичигт маань байсангүй. Харин ард түмэн өөрийнхаөөрөө шийдэж сигнал гэдгийг нь чагнаал, конденсатр гэдгийг нь ганжинсаатар, помпа гэдгийг бомбоо, домократ гэдгийг нь данхраат хэмээн монгрлчилж бас тэгэхдээ цаад утгыг нь нэг их гажаахгүйгээр шийдэл олсон үг цөөнгүй бослон байна. Аливаа хэл өөрөө баяжиж, өрөөл бусдаас өргөж авч хөгжиж, үгийн сангаа өргөтгөдөг нь жам. Гэхдээ шахамдуулах, хүч түрэх, хэлбэрээр хэлээ баяжуулах нь ядарсан арга, явуургүй оролдлого болох нь түүхээр нотлогдсон баримт баримт юм. Бас харийн хэлний үг болгоныг “орчуулах” нутагшуулах нь ч өрөөсгөл талтай хандлага болно.
Ард түмний саналаар биш албан тушаалын эрхшээлээр бусдын шахалт, “зөвлөмжөөр” төр засгийн эрх баригчид гэв гэнэт монгол бичгээ кирилжингээр солихоор дээрээс шийдэж “бүх нийтэд” (цогцолбор бодлогын нэр томъёогоор) хэрэглүүлэх болсон цагаас хойш орчин үеийн монгол хэл огт хөгжөөгүй биш бараг л эрс шийдэмгий хөгжсөн гэж хэлж болно. Үүнийг нотлоход урт яриа үүсэх нь мэдээж. Тиймээс зөвхөн цагаан толгойн 35 үсгийн тухайд товчхон тоймлоод хэлэхэд тэдгээрээс лав л тав зургаан үсэг нь монгол хэлэнд хэрэг болсонгүй явсаар нэгэн зууныг үдэв. Жишээ нь, “ташаа тулсан” гэж манайхны шоглон ярьдаг “ф” үсгээр монголчууд өнгөрсөн жилүүдэд нэг ч үг “зохиосонгүй”, “Монгол -орос тольд” (А.Лувсандэндэв, 1957 он) энэ үсгээр ердөө л 38 үг орсон нь цөмөөрөө гадаадынх юм. Бас эшча гэж манайхны дууддаг “щ” үсэг уг тольд байгааг үзвэл мөн л нэг ч монгол үг алга. Тэрчлэн “к” үсэг дээр 102 үг байгаа ч гэсэн бас л нэг ч монгол үг байдаггүй. Нөгөө “Р” үсэг дээр 36 үг орсон ч гэсэн руу, рүү гэсэн дагавараас өөр монгол гэмээр юм байдаггүй. Тэрчлэн “П” үсэгдээр болохоор их л олон үг буюу 114 үг байгаа ч цөмөөрөө орос, хятад, түвд хэлнээс авсан харь гаралтай үгнүүд байхын дэдр “пад, пил” гэсэн дуу чимээний нэрнээс өөр монгол юм байдаггүй. Бас нөгөөх “хагас и” гэж тайлбар төдий нэртэй үсгээр 5 гадаад үг эхлүүлсэн нь цөмөөрөө л йод (ёод) гэдэг үгнээс үүссэн үгнүүд байх ажээ. Монгол хэлэнд хэрэглэгддэггүй, монгол хүний дуун үйлдэх эрхтэнд зохидоггүй ийм үсэгнүүд монгол хэлний “цагаан толгойд” орчихсон олон жил “цогиулж” явахдаа тэдгээрээр эхэлсэн гадаад үгнүүдийг монгол хэлний үгийн санд хүчээр түрэмхийлэн оруулах “үүрэг гүйцэтгэсээр” байгаа нь заяамал хэлэнд маань олдмол хачир нааж, улмаар “эрлийзжүүлэх” балаг тарьсаар ажээ.

Хоёр. Хэлээр түрэмхийлэгчид хэн бэ?

Хорьдугаар зууны сүүлийн хагаст болон хорин нэгдүгээр зуунд Монгол ард улсын хилээр түрэмхийлэн довтлогчид гараагүй. Гэтэл монгол хэл рүү түрэмхийлэл болон бүр хүчирхийлэл (Language violence) үйлдэгчид гаднаас ч, дотроос ч удаа дараа гарч улам л олширсоор байна. Тэднээс хамгаалж, эх хэлээн цэвэр бөгөөд эрх төгөлдөр байлгахын тулд Судар бичгийн хүрээлэнг ардын хувьсгалын ялалтын дараахан байгуулсан. Тэр хүрээлэн үүргээ нэр төртэй биелүүлсэн. Улмаар хэл, зохиолын хүрээлэн, нэр томъёоны комисс байгуулсан.
Зууны төгсгөлөөр нэр томъёоны комиссыг үгүй болгосон. Шинэ зууны эхээр (2003) “Төрийн албан ёсны хэлний тухай хууль” УИХ батлан гаргасан. Түүний мөрөөр “Төрийн хэлний зөвлөл” байгуулсан. Хэдий тийм боловч Монгол улсын шинэ Үндсэн хуульд “монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэсэн заалтыг их бага элдэв хэлбэрээр зөрчсөөр байгаад 2008 онд УИХ “2015 онд багтаан англи хэлийг бүх нийтийн голлох гадаад хэл болгох”, “2021 он гэхэд төрийн захиргааны төв байгууллагын ажилтнууд албан ажлаа англи хэлээр явуулах чадамжтай болгох” гэсэн заалттай баримт бичигийг батлан гаргаснаараа “монгол хэл бол төрийн албан ёсны хэл мөн” гэж Үндсэн хуулийн заалтыг бүрэн зөрчсөн хууль гаргачихаад байгааг өмнөх цувралд дурдсанаа тодруулан өгүүлье. Ийнхүү монгол хэл төрийн албан ёсны хэл байхаа болихоор барахгүй англи хэлийг “бүх нийтийн” буюу ард түмний голлох хэл болохыг дээрээсээ зарлигдан тогтоож хэрэгжүүлэх ажлыг засгийн газрын үүрэг болгожээ гэж хоёрдмол утгагүй шууд л ойлгогдож байх юм. Үндсэн хуульдаа засвар оруулаагүй атлаа Үндсэн хуулийнхаа заалтын эсрэг утгатай зүйлийг хуульчлан гаргасан нь бас Үндсэн хуульдаа хүч түрэмхийлэн халдаж байгаа бололтой. Англи хэл чухал хэрэгцээтэй болж байгаа ч гэсэн “бүх нийтийн” голлох хэл, “төрийн ажилтнуудын албан ажлаа явуулах” хэл болтлоо том эрх дархтай байхыг монгол хэлээрээ хэдэн мянган жил ярьж бичсээр ирсэн өвөг дээдсийн үр сад өнөөгийн монголын ард түмнээс санал агуулгаар шийдмээр асуудал баймаар юм. Гэвч УИХ-д үе залгамжлан сууж буй түшмэдүүддээ “бүхнийг мэдэгчийн” эрх дарх олгогдсон гэж сонгогчид санал нэгтэй шийдээгүй нь тодорхой зүйл шүү дээ.
Ер нь монгол үндэстнийг бие даасан үндэстэн гэдгийг гэрчлэх гол зүйлийн нэг болох монгол хэлийг Английн колони байсан орнуудад үйлдсэн шиг хэлний хүчирхийлэлд монголчууд өөрснөө түлхэн оруулахад санаархаж байгаа хүмүүс бол энэчлэнгээр дур зоргоороо аашлагч түшмэдүүд болоод байгаа юм биш үү. Сүүлийн хориод жилийн байр байдлаас ажиглахад монгол хэлийг хамгийн их бантагнуулж харийн үгээр сүлж байгаа хүмүүс бол төр засгийн эрх барих итгэл ард түмнээсээ хүлээсэн түшмэдүүд юм. Тэдний боловсруулан баталсан хууль, эрх зүйн баримт бичгүүд, яриа, өгүүлэл, мэдэгдэх нь голдуу англи бас орос үгээр дүүрэн байх бөгөөд хууль эрхийн баримт бичгүүдийн тийм үгийг олон нийт давтан хэлж амьдрал, үйлдвэрлэл, санхүү, аж ахуйд хэрэглэхээс аргагүйд хүрдэг нь нэгэн ёсны хүчирхийлэлд автаж “хэлээ хазаж” байгаа хэрэг юм. Газрын баялагийг судлах, ашиглах болоход “лиценз” гэдэг үгээр наад захын түшмэл л хүмүүсийн амыг тагалчихана.
Барьцаагаар хэдэн төгрөг зээлж авах санаатай яваа малчныг “ипотек” эсвэл “моргейж” гээд л түшмэл бугай айлдаж гарна. Малчин өвгөн түүнийг нь ойлгохгүй. Нэлээд тайлбарласны дараа өвгөн малчин “аа, энэ чинь данж авах” гэсэн үг байжээ. Урд цагт луухаанууд тэгэж данж авдаг байсан юм. Тэгээд данжаад гэдэг байлаа. Тэгвэл одоо “моргээнжид” гэх болохнээ хэмээн хариу өгнө.
Хяналт шалгалтын бүх тогтолцоог нураасан одоо үед хажуугаас хөндлөнгийн шалгалт оруулахсан гэж аль нэг байгууллагын тухай иргэд ярихад “аудитад оч” гэж түшмэд хариулна. “Аавынд оч!” гэнэ үү хэмээн хүмүүс гайхна. Энэчлэнгээр манай шинэ үеийн түшмэдүүдийн дээрээс доош шиддэг болсон дуртай гадаад үгнүүдийг нь өмнөх өгүүлэлд заримыг дурдсан. Монгол хэл тэр мэтийн үгээр дутахгүй баян, ялангуяа мал аж ахуйн нэр томъёогоор дэлхийд тэргүүлэх үгийн баялагтай атал мал мэддэггүй, тахиа гахайнаас хэтрээгүй аж ахуйтай өрнөдийн орнуудын хэлнээс шууд “хуулга” (калька) авч хэрэглэдэг, бас хэрэглүүлэх гэдэг өнөө үеийн түшмэдүүд, нэгд, эх хэлний хувьд хэлд бүрэн ормоор, хоёрт, хэлд мэргэшсэн хүмүүстэйгээ зөвлөж баймаар юмдаа. Гадаад оронд очоод нэг сонин юм үзэхээр шууд л хуулж авчраад нэвтрүүлж лут хүн болох гэдгээсээ болж учир начирыг нь бүрэн ухаараагүй зүйлээ өнгөц дуурайдаг түүнийгээ бусдад нялзаадаг түшмэдүүд эх хэлээ байтугай монголынхоо сэтгэлгээг эвдэх аюултай юм.
Монгол хэлийг орос, англи канцеляризмаар (албан үгээр) хачирлан зэрэмдэглэдэг хүмүүсийн магнайд түшмэдүүд хэлний боловсрол доройн эрхээр дөвчигнөсөөр эцэстээ монгол хэлийг англиар солих санаархалд хүрч байх шиг…
Дээрхэн үед “саалийн механикжсан ферм” гэж гурван үгэнд ганц монгол үг орсон нэг тогтоолыг мөн л “хэлгий” түшмэд санаачлан батлуулсан шиг өнөө үед гурван үгийг нэг нь англи нөгөө нь орос гуравдахь нь арай гэж монгол үгтэй өгүүлбэр зохиох болжээ. Канцеляризм (албан үг) гэж дан ганц гадаад үгийг хэлээд байгаа юм биш. Монголын хэдэн түшмэд монгол телевизийн байнгын дэлгэц сахигч болсоор олон жил өнгөрлөө. Тэд айл бүрийн хойморт байх болсон зурагтын дэлгэцээр бараг л өдөр алгасахгүй өөр бусадтай хэрэлдэж, өөрийгөө өмөөрч далан долоон үг ярихдаа зөв ярих нь тун ховор. Өгүүлбэр бүрээ л “байдаг байхгүй юу” гэж төгсгөх нь халаггүй “байдаг” тэгсэн мөртлөө “байхгүй” гэж ярих нь гайхмаар. Бас зарим нь “аягүй гоё” гэж ямар нэгэн юмыг магтдаг.
Гэтэл “аягүй” гэдэг нь муухайн тухай ойлголт. “Гоё” гэдэг нь сайхны тухай үг. Тэгэхээр муухай тэгээд гоё гэж юуг хэлээд буйг нь хүмүүс гайхдаг. Олонхи түшмэд “энэ утгаараа” гэж ярьдаг болсон. Гэтэл тэр ярьж байгаа юм нь өөр утгагүй, тэр л ярьж байгаа санааг нь гаргаад, хоёрдмол ойлголтын үнэр ч гардаггүй. Сүүлийн үед түшмэдүүд өөрсдийгөө “нээлттэй хүн” гэж зурагтаар магтуулан ярьдаг болсон. Гэтэл тэр хүний юу нь ч “нээгдээгүй” (нээх цонх, хаалга байхгүй) харагддаг. Энэ нь орос мэтийн харь хэлнээс үг авахдаа шууд “кальк” гэдэг нимгэн цагаан цаас тавьж байгаад гэрэлтэж буй зургийг яг тэр чигээр нь хуулж авдагтай адил үйлдэл (хальслалт) юм. Монголчууд “нээлттэй хүн” гэж ярьдаггүй, харин “илэн далангүй хүн” гэдэг билээ. Түшмэдүүд бас “анхаарал тавина” гэж бараг цөмөөрөө ярьдаг нь яг л цагаан сараар “ууц тавина” гэсэнтэй адил санагддаг. Анхаарал бол хийсвэр ойлголт тул барьж, тавиад байх аргагүй. Харин анхаарч буюу анхаарахгүй байж болно. Тэгвэл “анхаарна”, “анхаарсанд баярлалаа” гэвэл илүү үггүй цэвэр хэллэг болох биз ээ.
Цагдаагийн түшмэлүүд болохоор “замын хөдөлгөөний дүрэм” гэж оросоос хуулсан дүрэм журам яриад байдаг. Гэтэл зам нь огт хөдөлдөггүй зүйл. Харин зам дээгүүр унаа, тэрэг, хүн хөдөлдөг (явдаг). Тэгэхээр “замаар явах журам (хөдлөх гэдэг бол явахын нэр биш зогсож байгаад ч биеэ ийш тийш хөдөлгөж болно шүү дээ). Ус цаг уурын албаны түшмэдүүд болохоор “солигдмол үүлтэй” гэхчилэн оросоос хуулсан үгээр ярьсаар байна. Хаа нэгтэй солигдчихоод нүүж ирдэг үүл байна гэж хэлээд байгаа юм шиг. Энэчлэнгээр төр, засгийн албаны олон зэргэмжийн түшмэлүүд “монгол хэлээ мохоож” байдгийг тоочивч баршгүй, харамсалтай нь тэд нарын хүүхдүүд бас эцэг, эхийн яриаг “хуулж” буруу ярьж зөв ойлгодог болчихсон. Тэгэхээр аливаа хэлийг мөхөөхөд гурван үе (аав, хүү, ач) л шаардагддагийг эрдэмтэд судалсан. Өвөрмонголд ч, Хальмагт ч, Буриадад ч монголоороо ярьж чадахаа больчихсон хүмүүс цөөнгүй л байдаг биз дээ.
“Монголын хэлийг мохоодог” “канцеляризм” гэдэг албан үгсээр зэвсэглэсэн түшмэдүүдээс гадна тэдний ярихыг тоть мэт давтдаг, бас өөрснөө лут хүн болох гэж “неологизм” (шинэ үг) “вульгаризм” (бүдүүлэг үг) хэргэлдэг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнууд (голдуу хүүхнүүд, 90 хувь нь) болсоор нэлээн олон жил өнгөрлөө. Тэдний ихэнх нь сүүлийн жилүүдэд “борооны дараах мөөг” шиг олширсон хувийн болон төрийн гэх их, дээд сургуулиудын “бүтээгдэхүүн” байна.
Үгийн баялагаар ядуу, хэлний боловсрол дульмаг, амьдрал ахуй, өв соёлын мэдлэг нимгэн атлаа “сэтгүүлч” хэмээн цамаархаж бусдыг дорд үзэн, бүдүүлэг үг урсгах дуртай, түүнийгээ “хэвлэн нийтлэх эрх” гэдгээр халхавчлан, бамбай барьдаг тэр хүмүүс сонин хэвлэл, зурагтаар дамжуулан монгол хэлээ мохоож бас хүчирхийлсээр байна. Хэл яриа, бичлэгийнх нь өөг хэлсэн хүнийг “хуучинсагаар нь” дуудаж, биеэ өмөөрч бас хоорондоо үгсэж өөр өөр сонин хэвлэлээр бүлэглэн дайрах ч удаа байдгаас болж эцсийн дүнд эх хэл маань хохирсоор байна.
Хэн нэгнийг “гурилтай шөлөнд нугасгүй” гээд л нэг сонинд биччихвэл “нугасгүй” гэдэг вульгаризмыг (бүдүүлэг үг) шүүрэн аваад л давтан давтан тоть мэт хэлдэг бичдэг нь сүүлийн үеийн сонин хэвлэлүүдийн хуудсанд эрээлжлэж байгаа. Дотнын хүнээ нас барчихсанд гашуудахдаа баяртай гэж гарчигласан юм хэвлүүлсэн байх нь нэг бус удаагийн тохиолдол. Хүн нас эцэслэчихээд байхад “баяртай” гээд баярлаад суух хүн гэж байх уу даа?
Төгсгөж гаргасан сэтгүүлчдийнхээ бүтээл туурвил, ялангуяа хэл найруулгад нь дүн шинжилгээ хийдэг их, дээд сургууль ч гэж алга. Сонин хэвлэлүүдэд ажилладаг байсан хянагч, нийлэгч, хянан ариутгагч нар ч байхгүй болж ор нэрийн төдийд “редакц” гэдэг гадаад үгээр нэрийдсэн газрууд олширсны балаг ахиад л “монгол хэлийг мохооход” үйлчлэж байна. Хэл найруулгаа цэгцлэж бардаггүй юм гэхэд залхуурлаа захирч чаддаггүй сонингууд нэр товчлох журам дүрэм хайхрахаа больсноос “ХХААХҮЯ”, “МУХАУТ”, “ММНБИ”, “ЗТБХБЯ”, “ШШГЕГ” гэхчилэн хэн ч тайлж унших аргагүй оньсогоор хуудсаа “мялаадаг” болсон. Ер нь өнөөгийн сонин хэвлэлүүдийн хэл найруулга, үг үсгийн алдаа нь анархи (хэтийдсэн) байдлын цаасан баримт болж хувираад байгаа нь харамсалтай.
“Монголын хэлийг мохоож” байгаа хүмүүсийн жагсаалтад хагас дутуу гадаад хэлтэнгүүд, зар сурталчилгааныхан, багш нар, тэр ч байтугай орчуулагчид, эрдэмтэд хүртэл бичигдэх болсон нь “төрийн албан ёсны хэлний тухай хууль” зөвхөн цаасан дээр байдаг (ёстой л өнөө хууль биш гууль) нэр төдий зүйл болсных (угаасаа ч оромцог төдий оготор юм) нөгөөтэйгүүр “Төрийн хэлний зөвлөл” гэж мөн л “хэлгүй дүүдүү” мэтээр дуугүй сууж олон оныг өнгөрөөснийх юм.
Хэдийгээр заримдаа эрдэм шинжилгээний нэртэй хурал зөвлөлгөөн хийлгэдэг боловч тэндээс гарсан зөвлөмж нь хэрэгждэггүй, олны хүртээл болдог ч үгүй, харин сүүлийн үед эрдэмтэн Зэгиймаагийн тэргүүлсэн олон нийтийн байгууллага хэд хэдэн зөвлөлгөөн зохион байгуулж, ном товхимол хэвлүүлсэн санаачлагыг засгаас, ялангуяа Боловсрол, соёл шинжлэх ухааны яам дэмжиж туслууштай байна.
“Төрийн хэлний зөвлөл” нь ядаж л засгийн газрын хэрэгжүүлэх байгууллагуудыг монгол үгээр нэрлэхэд нь тусалдаггүй юм уу баахан “агентлагууд” буй болжээ. Уг нь газар, хороо, хэлтэс гээд урьд өмнө тогтож хүмүүсийн чихэнд хоногшиж, толь бичигт орчихсон нэр томъёо зөндөө байсан. Гэтэл “хуучинсаг” нэр гэж цэцэрхэцгээгээд хаясан баймааргүй юм даа. “Феодалын хэл” гэж дээр үеийн хэт хувьсгалчид монгол нэр томъёог ад үзэж байсан нь давтагдмаар зүйл бишсэн. Эрдэмтэд болохоор өөртөө олгогдох эрдмийн цол хэргэмээ ч монголчлон хэвшүүлэх зориг цөс дутдаг юмуу эсвэл гадаадад ойлгомжтой гэдэг юмуу академич, доктор, профессор, доцент, бакалавр гээд л эгэл хүнд бол юу ч хэлэхгүй нэр томъёог улам гааруулан бие биенээ цоллодог болсон гэхчилэн монгол хэлэнд бал биш давирхай нэмдэг хүмүүс улам л олширсоор байна.
Хэл хэдийгээр хэл амтай хүн бүгдийн өмч боловч хэлэнд ханш, эрх дарх (статус), засаглал байх жамтай. Бүүр 1640 оны монголын “Их цааз” хуульд “сайдуудын хөвгүүд монголд (бичигт) эс сэхээрхүүнээ эцгээс гунан морь аваад хөвгүүдийг багшид өгч сурга” гэж заажээ. Тэр бол бараг дөрвөн зууны өмнөх хууль! “Хөвгүүнээ нас 15 хүртлээ эс сэхээрхүүнээ цаазтай” гэж бас тэнд заажээ. Гэтэл мэдээллийн гэгдсэн хорин нэгдүгээр зууны монголчууд хүүхдээ байтугай үүхдээ хэлгий байхад, бас үндсэн хууль, төрийн албан ёсны хэлний тухай хууль гаргаад ч хэрэгжүүлэхгүй “хэлгийдээд” сууж зохилдохгүй бизээ.
“Монгол хэлний тухай хууль” төгөлдөр сайн боловсруулж бүх нийтэд мөрдүүлэх, “Төрийн хэлний зөвлөлийг” УИХ-ын эсвэл Засгийн тэргүүний харьяанд эрх мэдэл, орон тоо, санхүүжилт сайтайгаар өөрчлөн байгуулж ажиллуулах шаардлагатай байна. Нэр нь ч гэсэн “зөвлөх төдий зөвлөл” биш “төвлөн удирдах газар” баймаар байна даа. Тэгвэл яах, юу хийх шаардлагатай байгааг дараах цувралд авч ярьсугай.
Жич: “Үнэн” сонинд доктор Б.Бирваагийн бичсэн “Монгол хэлийг сэглэж буй өвчнүүд” гэсэн маш чухал өгүүлэл саяхан нийтлэгдсэнд (”үнэн” 2009,№25, 26) зохиогч болон сонины газарт халуун баяр хүргэхийн хамт тэнд бичигдсэн зүйл, асуудал дэвшүүлсэн санааг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлье. Бусад сонингууд түүнийг авч нийтлүүштэй. Тэгвэл сэтгүүлчдэд нь хичээл, сургамж болохсон. Монгол хэлээ хамгаалах нь үндэстэнийхээ өмнө гавъяат үйлс бүтээж буй хэрэг билээ.

Гурав. Хэлний шинжлэл үндэстэнд холбогдох нь

Хагас зуун гаруй жилийн тэртээд “Хэлний шинжлэлд Марксизмын холбогдох нь” гэдэг зохиолоо, өөд болохоосоо гурван жилийн өмнө (1950) Иосиф Сталин хэвлүүлсэн нь тун удалгүй монголчлогдон Улаанбаатарт хэвлэгдсэн билээ.
“И.В.Сталин хэл шинжлэлийн талаар бичсэн энэ суут бүтээл нь хэл ангийн чанартай тухай бүдүүлэг онолын хорт уршгаас салахад монголын хэл шинжлэлтэнгүүд, ардын боловсролын ажилтнууд, утга зохиол, урлагийнханд бүх бололцоо нээж өглөө” гэж Б.Ринчен гуай тэр үед уул номыг магтан “Үнэн” сонинд бичиж байв.
“Хичээлдээ сайн суралцсан сурагч Түдэв чамд шагнан дурсгав. Сургуулийн захиргаа” гэсэн бичигтэй “Хэлний шинжлэлд марксизмын холбогдох нь” гэдэг номоор тэр жил намайг шагнаж билээ. Шинэ үсгээр бичсэн тэр хэдэн үг нь дөрвөн алдаатай байгааг гараараа засч хадгалсан цагаас хойш 55 жил өнгөрснийг уржнан нээж үзэхдээ эргэн харж инээд хүрэх шиг болсон юм.
Тэр дээр цагт нэрд гарсан хэл шинжээч бөгөөд Лениний найз асан Маррын онолыг Сталин “бут ниргэсэн” боловч хэдхэн жилийн дараа Хрущев нэг хүнийг тахин шүтэж байсныг шүүмжлэн Сталингаа мөн “бут ниргэснээр” энэхүү түүхэн гинжин холбоос тасарчээ. Хэлний шинжлэлд марксизмыг холбон бичих шаардлага тэр дээр үед буюу дэлхийн хоёрдугаар дайны дараахан өндөлзөж эхэлсэн нь өөрийн гэх учир шалтгаантай байжээ.
Зөвлөлийн засагт холбоот орос улсын туг, сүлдэн дор нэгдсэн олон үндэстэн ястны 15 бүгд найрамдах улс дотор угаасаа бичиг үсэггүй гэгдсэн үндэстэн, ястан цөөнгүй байсан тул тэднийг бичиг үсэгтэй болгож кирилл үсгээр албан хэрэг хөтлөх, ном зохиол, сонин хэвлэл гаргадаг болгоод удаагүй байсан цаг. Холбооны улс нь биш, бас эрт дээр цагаас бичиг үсэгтэй байсан атлаа Бүгд Найрамдах Монгол ард улс ч гэсэн кирилжин үсэг авч хэрэглээд дөнгөж таван жил өнгөрч байлаа. Хэдий тийм боловч нэгдсэн нэг бичигтэй байх нь цаашдаа нэг хэлээр ярих бичихэд тун ойртож болох сэтгэгдэлийг дэлхийн хэмжээний дайнд ялагч гүрний удирдагч болсны хувьд хоёр “хээгийн” саадыг яаж даван туулах тухайд санаашрах асуудал тулгарсан бололтой. Үүнд нэг “хээ” нь “хэл” юм. Хэлний саадыг (барьер) даван туулахад бичиг үсгийг нэгэн мөр болгох нь чухал гэсэн бодол төрсөн хэрэг, нөгөө нэг саад бол хил юм.
Тэр бол цэрэг дайны аргаар юмуу хэлэлцээрийн журмаар эрх баригч цөөнхийн шийдэж болох асуудал мэт санагдах цаг дэлхийн хоёрдугаар дайны ялалтын дуулианаар Европын тав зургаан орон Зөвлөлтийн холбооны улсуудын маягт шилжсэн, Азид бол Солонгос, Вьетнам улсууд хоёр хуваагдсан, БНХАУ хувьсгалжиж зөвлөлт маягийн тогтолцоотой болсон зэрэг нь үнэндээ дэлхийн талаас илүү хэсгийг тойрог замдаа оруулаад авсантай адил нөхцөл байдал буй болсон тул “Дэлхийн хувьсгал” хийхэд дөхөмтэй байгаа шиг санагдсан байж мэднэ. Тэгэхээр “хэ” (хэл) саад нь “хи” (хил) саадаасаа илүү ноцтой бэрхшээл болж мэдэхээр тул “хэл” бэл дэлхийн хаачлалын бодлогд тун төвөгтэй бодит тээг гэж үзэхэд хүрснээс дайны дараа гэв гэнэт “хэл шинжлэлийн асуудалд” анхаарч тусгай номлол боловсруулахад хүрчээ. Дэлхийн талаас илүү өргөн талбарт олон сая, бүүр тэр бум хүнийг нэгдмэл хэлтэй болгох бодол төрснөөс Сталин гэнэт хэл шинжлэлтэн болж хувирсаны үр дүн нь “Хэлний шинжлэлд максизмын холбогдох нь” гэдэг номлолын ном болон гарчээ. Энэ санааг Н.Попов, Г.Аджубей нар “Никита Хрущевын таван сонголт” гэдэг номонд анх удаа нэлээн дэлгэрэнгүй бас үнэмшилтэй гарган тавьсан байна. Өнөө үед дэлхийчлэх (даяарших) үзэл санаа их хүчтэй өрнөж буй нөхцөлд “хэлний шинжллэл үндэстэнд холбогдох” болоод байна. Ямар хэл дэлхийн нийтийн хэл болох вэ? гэдэг асуултад “Англи” гэж хариулах хүн олон бий. Тэдэнтэй Монголын сэхээтний нэлээд хэсэг нь дуу хоолойгоо нэгтгэж байгаа учраас ч “ардын хувьсгалын 100 жилийн ойн” 2021 онд төрийн албан хэргийг англиар хөтлөх санааг “үндэсний хөгжлийн цогц бодлогод” нааж өгчээ.
Манайхаас хөгжлөөрөө хол түрүүлсэн Япон улс хэдэн зууны тэртээгээс хэрэглэсэн Катакана, Хирагана бичгээ хаяагүй ч дэлхийн шинжлэх ухаан техникийн хөгжлөөс хоцрох бус түрүүлэх хандлагатай хөгжсөөр байна. Бас манай өмнөд хөрш БНХАУ-д өнөөгийн тооллооос өмнөх хоёр мянгаад жилийн чандад хэрэглэж эхэлсэн 50 мянга гаруй дүрс тэмдэг бүхий бичгээ хүнд хзцүү гэхгүйгээр орчин үед хэрэглэж бас л эрчимтэй хөгжсөөр байна. Зарим үг, тухайлбал се (чальчаа) гэдгийг хятад хүн 64 зураас татаж бичдэг байна. Зөвхөн и (i) авиалбар 49 мянга 905 дүрс үсэгтэй ажээ. Гэвч хятад хүн үүнд түүртэх байтугай төвөгшөөдөггүй байна. Манай заримууд бол “ийм хэцүү бичгээр яах юм бэ? Солъёо” гэх нь энүүхэндээ. Харин хятадууд Хан үндэстэн гэдгээ хэний ч өмнө бардам харуулахын бахархал бас тэр ханзаар бичсэн юмыг нь өөр үндэсний өндөр боловсролтой хүн ч уншиж чадахгүй нууцлаг бас ихэмсэг зүйл нь болдог байна.
Өнгөрдөг зууны эхээр Монголоор аялсан өрнөдийн эрдэмтэд, жуулчид Монголчуудыг 50, 100, 500 жилийн дараагаар үр үндэсгүй болж, үндэстний хувьд мөхөх юм байна гэсэн дүгнэлт хийж түүнийгээ ном зохиолдоо илэрхий бичиж үлдээсэн бөгөөд тэд юунд үндэслэж тийм үг хэлж, бичихэд хүрвээ гэвэл мөхөж болох хэдэн шинж тэмдэг илэрхий болсныг баримталсан ажээ. Юуны урьд хүн ам нь нөхөн үржих доод захын үзүүлэлтээс доор орсон (650-хан мянган хүнтэй болсон) нөгөөтэйгүүр тэдний хэл яриа, өв соёл нь манж, хятад, түвд бас энэтхэгийн нөлөөнд хэтэрхий автагдсан, нийгмийн халдварт өвчин эрүүл мэндийг нь мэрж байгаа гэхчилэн гол зүйлүүдийг ажиглан харсныгаа үндэслэсэн хэрэг. Гэвч хорьдугаар зууны дунд үе хүртэл монголчууд сэргэн мандах, нөхөн төлжих, соёлжин гэгээрэх нөхцөл байдлаа сэргээн эрүүлжүүлж чадсан. Түүндээ дараа нь толгой эргэх шалтгаан ч бас буй болсон. “Амжилтаас толгой эргэх” тухайд бол тэр өвчин эхлээд хойт хөршийн маань эрх баригчдад туссан. Түүнээ ч дэлхийн дайны өмнөх жилүүдэд ярьж эхэлсэн. Бүх дэлхийн хуурай газрын зургааны нэг дээр хувьсгал гаргаж чадлаа, одоо дэлхийн хувьсгал хийж эхлэхэд болно. Капитализмыг зэвсгийн хүчээр мөхөөнө гэсэн үзэл бодол, үг хэл гарах болсон. Тэр нь Монголын хувьсгалчдад бас нөлөөгөө тусгаж эхэлсэнээс Монголын эрх баригчид нөгөө тийшээ хэлбийх хандлагад санаандгүй шилжиж эхэлсэн нь хамгийн түрүүн төрөлх хэлд нь нөлөөлсөн. Үүнд:
Эх хэл өөрчлөгдөж эхэлсэн (бичгээ оросынхоор сольсон, үгийн сангаа орос үгээр дүүргэж эхэлсэн) Өмнөх цувралд щ,р,п, ф,к зэрэг цагаан толгойд нэвтэрсэн харь хэлний үсгүүд (авиа) тухайд дурдсаныг үзэж ажаму) Хувцас, хоол маань европчлогдож эхэлсэн, тэр нь монголд байгаагүй юм болохоор нэрлэх үг олдохгүй шууд л пальто, костюм, пиджак гэхчилэн үгс орж ирсэн. Хоол унд нь ч бас л лапша, щи, омлет, морожен, салат гэхчилэн үг хэлэнд бас ходоодонд нэвтэрч эхэлсэн.
Орон гэр, сууц нь бас европчлогдож, форточка, подьезд, ванна, штепсель, душ, шкаф гэхчилэн яригдах болсон. Хот айл нь хот тосгон болон хувирч, хотжих замд орсноос малаасаа төсөөрч, мал маллах дөргүй болсон мөртлөө өдөрт гурван удаа махан хоол зооглодог болж, ходоод нь муудаж, бие нь суларч, биеийн
хөдөлмөрөөс улам бүр дайжиж эхэлсэн. Үгийн сангаас нь ногт, чөдөр, амгайвч, араг, шээзгий, ожуу, тэнжээ гэхчилэн олон үг халагдан хаягдаж, орон зайг нь пэлээтэг (плитка), мээст (место), хараант (крант) падушиг (подушка), маасаг (маска), каасаг (каска), мээбэл (мебель) паар, шаар, бүүтэг, лоотог гэхчилэн үгс эзлэх болсон нь хэн бүхэнд илэрхий болой. Хэлний тухай ярихдаа юунд хоол, хувцас, орон сууц мэтийн юм яриад хадуураад явчихваа гэх хүн гарах биз. Тэгвэл хоол хувцас, орон сууц ер нь ахуй нь европчлогдож эхлээд түүнтэй хамт хэлний үгийн санд неологизм буюу шинэ үг орж ирдэг нь дэлхийн бараг бүх хэлэнд нийтлэг үзэгдэл.
Гэхдээ хамгийн амттай сайхан хоолыг ч гэсэн хэмжээтэй иддэг. Ихэдвэл пологтдог шиг хэлний үгийн санд харь хэлний үг болгоныг оруулаад байвал таван үгний нэг нь дараа нь хоёр нь тэгээд гурав, дөрөвдэх нь харийн үгээр гарч эхэлдэг, жишээлбэл, “дарамын театрын билетийн кассанд оч” гэж ярьдаг, бас тийм зарлал, хаяг хүртэл бий болсон. Энд таван үгний ганц нь л монгол байгааг хар л даа. Ийм болчихсоноо соёл, урлагийнхан хүртэл гайхдаггүй нь эх хэлээ гээж байгаагийн наад захын баримт юм.
Сүүлийн жилүүдэд зах зээлийн харилцааны нэр томъёо гэдэг нэрийн дор гол төлөв американизм авч тэр чигээр нь “зажлахгүй залгидаг” залуус, тэдэн дотор улс төрчид, сэтгүүлчид олширсоор байна. Даяаршиж байгаагийн улмаас гэж түүнийгээ өмөөрөх бэлэн бамбай бас бий. Гэвч олон хавар нэгэндээ гэгчээр нэг л мэдсэн “хэлгий хүмүүс” болчихдог, тэгээд нэг их удалгүй “хэлгүй”-чүүдийн нийгэм бүрэлдэж үндэстэн гэдэг онцлогоо алдаж орхих далд отоо ил гарч, дийлэгдэхээ больдог тохиолдол ялангуяа хүн ам цөөнтэй бага буурай үндэстэнд нүүрлэх нигууртай нь ойлгож цөхөх юмгүй зүйл. Зарим ядмагхан хэл нэг бол “эзнээ алдаж” мөхдөг. Ярьдаг бичдэг хүмүүс нь уусч үгүй болоход хэл” эзнээ алдаж” байгаа нь тэр.
Тэгвэл монгол хэл дэлхийн олон хэлнүүдийн өвөг эртний хэлний нэгэн учир монголчууд үүгээрээ бахархах ёстой. Бас дээдлэн хайрлах үүрэгтэй билээ. Харамсалтай нь өвөг эртний (Нострат параязык) эртний монгол хэлний судалгаа шинжилгээний ажил хийдэг хүн өдгөө манайд байтугай гадаадад ч алга. Орос эрдэмтэн Ильич Свитыч энэ талаар багагүй ажил хийсэн боловч үр дүнг нь үзэж чадалгүй хорвоог орхисон нь харамсалтай.
Монгол хэлийг урал-Алтайн угор-финнийн гэхчилэн бүлэгт хамааруулан гадаадын эрдэмтэд ярьдаг байснаа индо-европын гэсэн бас нэг тодотгол өгдөг болсоноос хэтэрсэнгүй. Гэхдээ монголчууд уралын нуруунд ч Алтайн уулст ч сууж байсан, бас угорууд, финнүүд ч бидний төрөл садан мөн бөгөөд индо буюу энэтхэг, европод ч монгол хэл угсаа язгуураа үлдээсэн хэл мөн. Перс буюу фарси хэлнээ 400 гаруй монгол үг байгаа нь Свадешийн “100 үгийн онолоор” хэмжвэл өвөг монгол үг хэлний хамаарал тун ч гүнзгий гарна. Унгар хэлнээ ч 400 биш 4000 монгол гаралтай үг, орос хэлнээ түүнээс ч олон (ялангуяа мал аж ахуйн холбогдолтой үгс) тоо гардагчлан Якут гэдэг Саха улс 40 хувь нь монгол үгээр ярьдаг бол Сам хэлнээ наад захын 150-аас цөөнгүй монгол үгс (миний тоолсноор) байгаа гээд тоолоод байвал өвөг монгол хэл бүүр шүмэр, тэр ч байтугай эртний Авест судрын хэлнээс Монгол үг цөөнгүйг олно. Иран, Ирак, дунд Азийн улсуудын хэлнээс ч олон тооны монгол үг олж болно.
Гагцхүү судлаачаа хүлээж буй энэхүү тоо бүртгэлд оросын эрдэмтэн Рассадин л цорын ганцаар анхны хандив оруулсан юм. Харин монголын эрдэмтэд, хэл шинжээчдийн шинэ үеийнхэд эх хэлээ уг үндэс угсааг нь мөшгөн хөөж судлах түүхэн үүрэг ноогдох ёстой. Хэлний шинжлэл юуны урьд үндэстэнд холбогдох учраас үнэдстнийхээ ирээдүйн төлөө санаа тавьдаг монгол хүн бүхэн дэлхийн хэлнүүдийн нэгэн өвөг эцэг болсон монгол хэлээ судлах, хөгжүүлэх, хамгаалах, дээдлэх үйлст хүч авьяасаа өгөх цаг оройтох тийшээ хандаж буйг мэдтүгэй! Түүний тулд

Нэгд “Монгол хэлний тухай хууль” цогц байдлаар боловсруулан гаргаж, мөрдөх хэрэгтэй байна.
Хоёрт, хэлний засаглал тогтоох хэрэгтэй болжээ.

Гуравт, хэлний эрх дарх, хэлний ханш, хэлний хамгаалалтын болон дархлаажуулалтын асуудлыг дангаараа хариуцах ” Монгол хэлний академийг” ШУА-аас өрх тусгаарлан улсын Ерөнхийлөгчийн ивээл дор эрх, зэргэмж өндөр байхаар шинээр байгуулах шаардлагатай

Дөрөвт, Монгол хэлний болон бичгийн тухайд хоёрдмол, гуравдмал хандлагыг нэг мөр болгож үсгийн дүрэм сэлтийг шинэчлэн боловсронгуй болгох нь чухал байна.

Тавд, монгол хэлний академик толь бичиг, үгийн гарвалын толь, сөрөг утгатай ижил бичлэгтэй үгсийн толь, өөр бичлэгтэй ижил утгатай үгсийн толь (антоним, омоним, синоним) монгол хүний нэрийн толь, товчилсон үгийн толь бичгүүдийг гаргаж, сургуулиудын номын санг хангахыг яаравчлах нь чухал.

Зургаад, интернет мэдээллийн 80 хувь англи хэлтэй болж буй үед монгол хэлний орон зайг интернетэд олж авах бодлого явуулах,

Долоод, хэл бол бие, бичиг бол хувцас гэдэг хөдөлбөргүй зарчмаар бичиг үсгийн бодлогоо явуулах нь төрийн үүрэг болж байна.

Наймдугаарт, “Зуун ямаанд жаран ухна” болсон олон шар, хар сонингуудыг цэгцлэж, сэтгүүлчдийг мөр, бадгаар биш үгээр тоолж бичлэгийг нь үнэлдэг журам тогтоож сонин хэвлэл, ном, сэтгүүлийн газарт хуульчлан мөрдөх цаг болжээ.

Tuesday, 14 April 2009

Хадмал эсвэл чөлөөт?

Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгын "Алтан загасны үлгэр", "Олег цэцний дуулал" ориг зохиолоосоо илүү гарахаас лав л дутахгүй тансаг. Үлгэр тууль дээр ийм чөлөөт , залуусын хэллэгээр "далийлт хазайлттай" орчуулга болмоор шиг. Ц.Дамдинсүрэн гуай "Монголын нууц товчоог" орчин цагийн монгол хэлэнд кирил үсгэнд буулгахдаа анх олдсон эх сурвалжид байхгүй олон шүлэг найраг нэмсэн, түүхэн баримт, эх сурвалжийг "мурийлгасан" гэж шүүмжлэгддэг. Дамдинсүрэн гуайн орчуулга тухайн зохиолчын санааг өөрийнхөөрөө гаргаад, уг зохиолыг дахин шинээр биччихсэн шиг байдгаараа онцлог, бараг шууд энэ орчуулга түүнийх байх гэж танигдахаар энд тэнд нь монгол ардын зүйр цэцэн үг, холбоо үг, өвөрвөц хэл шигтгээсэн "гарын үсэгтэй". Ер нь орчуулагч өөрийн хэв маягийг ямар нэг хэлбэрээр үлдээдэг шиг. Орчуулагч өөрийн хэв маягийг үлдээх үү, зохиолчийн бичгийн хэвийг хадгалах уу? гэдэг сонин асуулт гарч ирж байна. Уран сайхны буюу чөлөөт орчуулга, хадмал орчуулга аль нь зөв гэж эсрэгцүүлж яривал утгагүй. Хаана хэзээ яаж донжий нь олон хэрэглэх гэдэгт л учир байх шиг.

Гүн-Үйлст орчуулагч Пушкины шүлгийн орчуулгын түүвэр гаргажээ. Тэрээр "Миний орчуулгуудад толгой холбох, нэмэлт шигтгээ хийх зэрэг монгол шүлгийн уламжлал үгүйлэгдэж мэдэх боловч, их шүлэгчийн хэлэх гэсэн санаа, орос шүлгийн хэм хэмнэл тусгалаа олсон гэдэгт найднам. Ер нь орос шүлэг бол орос л шүлэг шүү дээ. Жирийн уншигч монгол шүлэг уншиж байгаа мэт Пушкиний шүлгийг унших нь хир боломж хийгээд авцалдаатай вэ гэдгийг би мэдэхгүй юм" гэжээ. Евгений Бонверийн орчуулгаар Пушкиний шүлэг дэлхийн хэл хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн англи хэлнээ хэрхэн буусныг бас цөөхөн шүлгээр толилуулсан байна.


А.С.Пушкин

К...


Эгшин зуурын үзэгдэл мэт
Энгүй сайхны суу мэт
Энхрий царай чинь өмнө гэрэлтсэн
Гайхамшигт мөчийг би дурснам.

Итгэл үгүй шаналан явахад
Илбэ зэрэглээнд түгшин суухад
Илхнээ сонсдох ялдам хоолойAlign CentreЗүүднээ үзэгдэх янагхан царай.

Он жил улирч, оломгүй амьдрал халирч
Оюун бодол урьдын мөрөөдөл замхрав.
Одоо би чиний ялдам хоолой
Эгэлгүй төрхийг чинь мартаж дээ.

Сэтгэлд гэгээ татаж, онгод угтахгүй
Сэмхэн нулимс, амьдрал, дурлалгүй
Сүүмгэр бөглүү, харанхуйн дунд
Өдөр хоногууд уйтайяа хөвөрлөө.

Эгшин зуурын үзэгдэл мэт
Энгүй сайхны суу мэт
Энхрий царай чинь ахин гэрэлтэв,
Зүрх сэтгэл минь дахин булгилав.

Сэтгэлд гэгээ татаж, онгод угтав.
Сац бас амьдрал, нулимс, амраг хайр эгэв.
Сайн сайхнаар зүрх бялхан цохилж,
Зөвхөн үүний учир зол заяа гийвэй.



К...

Я помню чудное мгновенье:
Передо мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.

В томленьях грусти безнадежной,
В тревогах шумной суеты,
Звучал мне долго голос нежный
И снились милые черты.

Шли годы. Бурь порыв мятежный
Рассеял прежние мечты,
И я забыл твой голос нежный,
Твои небесные черты.

В глуши, во мраке заточенья
Тянулись тихо дни мои
Без божества, без вдохновенья,
Без слез, без жизни, без любви.

Душе настало пробужденье:
И вот опять явилась ты,
Как милолетное виденье,
Как гений чистой красоты.

И сердце бьется в упоенье,
И для него воскресли вновь
И божество, и вдохновенье,
И жизнь, и слезы, и любовь.

Д.Гүн-Үйлст, орчуулга, 2007


To...

I just recall this wondrous instant:
You have arrived before my face
A vision, fleeting in distance,
A spirit of the pure grace.

In pine of sorrow unfair,
In worldly harassment and noise
I dreamed of your beloved air
And heard your quiet, gentle voice.

Years passed. The tempests' rebel senders
Have scattered this delightful dream,
And I forgot this sound tender
And how heavenly you seemed.

In gloomy dark of isolation,
My days were gradually moved,
Without faith and inspiration,
Without tears, life, and love.

My soul awoke with decision:
And you again came as a blest,
Like an enchanting fleeting vision,
A spirit of the pure grace.

My heart beats on in resurrection
It has again for what to strive:
Divinity and inspiration,
Life, tears, and eternal love.

Евгений Бонвер, орчуулга


Жич: А.С.Пушкины шүлэг Ц.Дамдинсүрэн, Ч.Чимид нарын орчуулгаар арван жилийн сурах бичигт байсан шиг? Энэ шүлгийн орчуулгын өөр хувилбар, дээрх томчуудынх байвал бүр сайн, байвал илгээнэ үү.

Tuesday, 7 April 2009

Зар сурталчилгаа юу?

Бага хүүгийнхээ гэрийн даалгаварт зар сурталчилгааны талаар бичсэн зохион бичлэг чех хэлээс орчуулав. Болгооно уу:

Би зар сурталчилгаанд тал бүрээсээ дайруулсаар арваад хоногийг үдлээ. Зурагтаар гарах хорвоогийн нэн чухал тэнэглэлийг харалгүй алдчих вий гэж өнгөт хайрцагны өмнө цаг ямагт хадаастай, хөргөгч ухаж жаал жуул юм идэхэд өөдөөс бас нэг зар цухуйж байх болов уу гэж айх ч шиг, жорлонгийн модоо буулгаад хүндрэхэд ч зар дарамталж мэднэ. Зар сурталчилгаа эргэн тойронд, ихэнх нь уйтгартай, урт, шал дургүй хүрмээр.

Гэхдээ нэг “зар” миний анхаарлыг татсан гэхэд болно. Дэлхийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл тэр аяараа
сургуульд хүүхэд олноор хядсан тухай "баяр хөөртэйгээр" сурталчилж байв, үнэн тасархай. Их дэлгүүрүүдийн үнэ хямдралын: “Хамгийн ашигтай ганцхан олдох боломж, хэчнээн олон гэмгүй оюутнуудыг ална, зурагтаар төчнөөн их алдаршина. Дэлхий бүхлээрээ таны эмгэнэл шаналлын тухай, хорвоогийн гажуудлын тухай, таны эр зоригийн тухай, өө мэдээж зүй ёсны уур хилэнгийн тухай мэдэх болно. Хэрвээ та алсан үхдэлийн тоогоороо дээд хэмжээ тогтоовол сонингийн нүүр хуудас зурагтын дэлгэцэнд бүтэн долоо хоног залрана гэдгийг батлаж байна” гэсэн зар уншиж байх шиг сэтгэгдэл төрөв.

Гэхдээ нэг юмыг мэдмээр, ийм гайхалтай "санал" дээр нь долоо хоног алдаршиж салхи хагалагчийн туршлагатай нийлэхээр хүмүүсийн онгод ороод, бодит үйлд мордоно доо…

Улс төрд шудрага биш зүйл орчих вий гэж сэрэмжлүүлэх эрхэмсэг үйл ээ, дайны утга учиргүйг мөн зэрлэг догшин авир олж харан хэлэх нь зөв өө, нийгмийн зүтгэлтний гэмт хэргийг илрүүлэх хэрэгтэй ээ. Үг хэлэх, санаа бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэдэг үнэхээр сайхан боломж, таашааж байна аа. Би яагаад, сургууль дахь цуст халдлагыг мэдэх ёстой юм? Сургамж авч сэрэмжлүүлэх гэсэн байж болох, гэхдээ Пепо мэтийн байдаг л нэг баагийнууд бол зурагтын мэдээ үзээд аймаар юм, гэж хэлэв үү үгүй юу, дараагийн шар айргаа задалж хөнтрөөд Спарта Славия аль нь хожих бол гэдгийг л сонирхоод алга болно. Амь насаараа хохирсон улсад энэ тус болох уу? Ард нь хоцорсон уй гашууд дарагдаад байгаа ар гэрийнхэнийг сэтгүүлчид ороогоод байхад ямар байхав? Хангалттай зовж шаналж байгаа бус уу? „Олон түмэн мэдэх эрхтэй“ гэж хэн нэгэн хэлэх байх, яг ийм эрхтэй эсэхийг мэдэхгүй юм.

Бич ээ бич, засаг төр янзан бүрийн нийгмийн байгууллагаа бут ниргээ. Олноор хүн алах үйлд л битгий дууд.

Орон бүхний сэтгүүлчид нэгдэгтүн, ухаалгаар шүү.


Бернарда Болзана нэрэмжит гимназийн оюутан

Эрдэмбилэгийн Манлай, нас 19


Прага хот


Reklama?

Poslední několik dekád jsem obklopeni reklamami, které se nás valí ze všech možných koutů. To aby se člověk bál otevřít lednici či zdvihnout prkýnko od toaletní mísi, neboť bych se nedivil, kdyby na nešťastníka skočila další reklama, která bude vnucovat zaručeně tu nejdůležitější blbost na světě. Jsou všude a z velký části mě nudí, otravují a jsou dlouhé.

Přece jen, jedná taková „reklama“ mě docela zaujala. Přišlo mi opravdu super, jak všechny noviny a zpravodajství světa s radostí propagují masakry na školách. Je to jako číst nějakou akční nabídku na letáku supermarketu: „ Výhodná a jedinečná nabídka, zabijte co nejvíc nevinných studentů a dosáhnete televizní slávy. Celý svět se dozví o vaší mrzké existenci a uvědomí si neřesti nespravedlivého světa přes tvůj odvážný a samozřejmě spravedlivý hněv. Pokud v počtu mrtvých pokoříte rekord, tak máte vystaráno- titulní stránky celý jeden týden.“

No musíte uznat, když máte takovou skvělou nabídku, která je zasvěcená předchůdci, kteří si svůj týden slávy „zažili“, tak to člověka inspiruje k činům….

Je šlechetné a správné ukazovat nespravedlnost v politice, či nechat našince nahlídnout krutost a nesmyslnost války a také je správné odhalovat zločinné praktiky veřejných činitelů. Obecně svoboda slova, možnost vyjadřovat svobodně myšlenky je skvěla vymoženost, ze které se můžeme těšit,. Avšak nač potřebujeme vědět krveprolitích na školách? Možná, abychom se poučili, ale jak to může pomoct typickému Pepkovi, který si u televizních novin řekne, že je to strašné a jde si otevřít další pivo a už přemýšlí, jak dopadne derby Sparta vs. Slavie? Jak to pomůže obětím těchto masakrů? Pomůžeme to pozůstalým, když je obklopí novináři a reportéři? Netrpí snad dost? Někde by mohli říct: „veřejnost to má právo vědět.“, ale já nevím, jestli o to právo stojím.

Pište a burcujte vlády, příslušné orgány a instituce. Jen nepobízejte chudáky k masakrům.

Novináři všech zemí spojte se a hlavně se zamyslete.

Manlai Erdembileg, 19 let

Gymnázium Bernarda Bolzana, o.p.s. (V Holešovičkách 2, Prahа)

Monday, 6 April 2009

Эмгэнэлт жүжгийн эргэн тойронд

Үнэхээр зохиолч аавын хүү шиг уран яруу, сэтгэл хөдлөм сайхан бичсэн Э.Бат-Үүлийн "Бахирмаар санагдсан хором" нийтлэл уншиж байхад, ардчилсан намын журмын нөхөд нь ёс зүйгүй юм хийгээд түүнийг ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяртай өрсөлдөх гэж байхад нь гацаа хийчихээ юү гэж бодож байтал арай сонин төгсчих шиг?! Нэг юм хэлэх гэж байгаад түүнийгээ залгиад шал өөрөөр төгсгөчихсөн юм шиг сонин сэтгэгдэл төрсөн. http://www.news.mn/news/section=home/page=index#0.9793723992965812

Б.Болдсайхан эмчийн бичсэн нийтлэл болгоныг унших дуртай. Тэрээр "Тэмүүжин Жумуха андаас урвасан уу?" гэж бас нэг сайхан нийтлэл бичжээ. "Нууц товчоог" унших бүрт Жамуха, Ван хан гээд тус дэм болж явсан улсаасаа нүүр буруулсанд их эзний өмнөөс эвгүйцэх шиг тийм нэг сонин мэдрэмжийг холоос хол өөрөөсөө ч нуудаг байв. Харин Болдсайхан үүнийг ил гарган бичиж, сэтгэгдэл дээр хүн хараах донтой хүмүүст хараалгаж байна. Гэхдээ түүхийн энэ зохиолын хүн болгон шахуу мэддэг зүйлийн тухай чухам яагаад яг өнөөдөр гаргах болов гэдэг л хамгаас сонин ! Өнөөдөр улс төр хэмээх бохир тоглоомд журмын нөхөр, анд хэмээх ойлголт хөсөр хаягдан, хүмүүс хэрхэн ёс жудаггүй аашилж, эрх мэдлийн төлөө увайгүй аашилж байгааг далдуур төнхсөн мэт санагдаад болдоггүй ээ. http://publish.news.mn/show/id=783

Судлаач Д.Ганхуяг харин эрс шулуунаар "Авилгын сүлжээт төрийг халах" гэсэн хурц шүүмж бичжээ. http://gankhuyag.wordpress.com/2009/04/05/jkjjgls/#comment-1247

Сүүлийн үед интернетээр блог, сонин ч унших завгүй байв. Өнөөдөр хоёр гуравхан нийтлэл гүйлгэн харахад ийм дүр зурагтай. Зарим нь өнгөрдөг долоон сарын нэгэн шиг эмх замбараагүй явдал болох вий гэж эмээн болгоомжилж байх шиг. Өчүүхэн миний ухсанаар манайх засгийн газар өдөр тутмын үйлийг хөдөлгөдөг, парламентын засаглалтай улс. Ерөнхийлөгч гуай ард олон, арав хорин намаа эв найртай байлгах учиртай билэг тэмдэг. Гэтэл ерөнхийлөгчийн сонгуульд хүмүүс их анхаарал хандуулж байх шиг. Дэлхий тэр аяараа хямралд нэрвэгдээд байхад энэ сонгууль гэдэг үзүүлэн тоглолтод болдогсон бол хөрөнгө мөнгө цацмааргүй, ядаж боломжийн хэмжээгээрээ бага үрээсэй гэж бодогдоно.

Саяхан Лондон хотноо болж өнгөрсөн "Их Хорийн" уулзалт хямралаас хэрхэн түргэн гарах тухай ярилцсан. Дэлхийн эдийн засгийн систем бүтцийнхээ хувьд үеэ өнгөрөөж, хуучирсан тул хямарлаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Манайд ардчилсан хувьсгал ялаад хориод жил боллоо. Юмс өөрчлөгдөж, шинэчлэгдэж ил далд дэвшил хувьсал явагдаж байгаа. Хүмүүсийн сэтгэхүйд, үзэл бодолд өөрчлөлт орж байна. Олон ч чадалтай боловсролтой, өргөн цараатай сэтгэдэг, эх орноо гэсэн сэтгэлтэй залуучууд төрж байгаа. Гэтэл удирдлагад хэдхэн хүн л байсаар байх юм! Ядаж байгаа хэд дотроосоо ноён нуруутай арай боловсролтой хүнээ гаргамаар шиг. Ноён нуруутай Бат-Үүлд ардууд илүү итгэл хүлээлгэх байлаа. Боловсролтой соёлтой, элдэв бохирт шигдэж нэрээ бузарлаагүй Амаржаргал улсыг авч явахад сэтгэл арай өег байх сан. Америкийн шинэ ерөнхийлөгч сонгуулийн зардлын дийлэнхийг блогоос, олон жижиг хандивлагчдаас цуглуулсан гэсэн. Манай дээдсээс Амаржаргал л блогтой гэдгийг мэдэх юм байна, хэхэ. Улс төрийн бохир тогоонд чанагдаагүй, бизнес эрхэлж байгаагүй, их түүхч Дангаасүрэн гуайн хүү, мэдээллийн технологч мэргэжилтэй Д.Энхбат юмыг арай л шинэлэгээр сэтгэнэ.

Хямралд хамгийн түрүүн хэт том компани, бичил жижиг аж ахуйн нэгж, том баячууд ядуучууд илүү өртөж байгааг бичиж байна. Ер нь хямралд бүгд өртөж байгааг би, чи бид бүгд биеэр амсаж байгаа. Чехийн сонин хэвлэлд, радио телевизээр ажил голохгүй хийх, хийж байгаа ажлын талбар чиглэлээ өөрчлөх, хамгийн гол нь сэтгэлээр унаж зүгээр суухгүй байх хэрэгтэй гэсэн нийтлэл, ярилцлага, хэцүүдсэн тохиолдолд яах тухай эдийн засагч хуульчийн зөвлөгөөтэй цуврал тогтмол гарч байна. Мөн засгийн газраас нь нийгмийн дунд давхрааг жижиг дунд бизнес эрхлэхэд нь хөхүүлэн дэмжих бодлого хэрэгжүүлж байгаа орон олон байна. Манай урд хөрш гадны зах зээлд бараа бүтээгдэхүүнээ улам эрчимтэй өргөн хүрээтэй гарган наймаалах бодлого барих болсноо аль эрт зарлан тунхагласан гэж байгаа. Ажиглаад байхад сэтгүүлчид арай өөдрөг, гэрэл гэгээтэй мэдээ мэдээлэл нийтэлж байвал хүмүүст урам хайрлах байх. Саяхан бага хүү маань нэг "ууртай" зохион бичлэг бичээд надад уншуулав. Хүү маань ангийн хүүхдүүдээ, багшийгаа буудаж хороосон ганц нэг тэнэг хүүхдийг телевизээр сурталчлаад байгаа юм шиг харуулаад байхаар үүнийг дуурайх тэнэгүүд бас гардаг гэж уурссан нь надад таалагдсан шүү.