Tuesday 2 October 2007

Халаглал

Зуны дэлгэр цагаар монголчууд цугларахдаа хүүхэдтэй хамт ирцгээнэ. Хүүхдүүд наснасаар нийлж тоглоод, томчууд хоорондоо монголоороо хууч хөөрч, хошигнон бие биеэ цаашлуулаад дуулж хуурдаад үнэн сайхан. Нэг танилын хүүхэдтэй хэдэн үг солих гэж нэлээд гацаад, хүүхдүүдийг ажиглатал хоорондоо цэвэр чехээр ярьж байна. Гацах гэж зөөлрүүлсэн хэрэг, монголоор бараг ярьдаггүй хүүхэд юм. Эцэг эх нь хоёул монгол. Багаасаа эндхийн цэцэрлэг сургуулиар яваад, монголоор ярихад ойлгодог, хариуг чехээр хэлдэг болсон гэнэ. Манай хүү гэхэд нэгдүгээр ангиас энд бичиг үсэгт тайлагдсан, монголоор уншиж чадахгүй, үгийн сонголт буруу хийж гадаад хүн шиг эвгүй ярина. Гэхдээ л ярина. Хүүгээ нэгдүгээр ангид байхад нь харийн хэлээр ном заалгаад хэцүү гэж өрөвдөн улмаар удалгүй англи герман гээд гадаад хэл үзээд дээрээс нь байгалийн ухааны хүндэвтэр хичээл заалгаад эхлэхээр нь бага балчир юм ядарчихна гэж хайрлан хойш тавьж, зуны амралтын үеэр нь амраана гэж эрхлүүлсээр ийм болгосон гол буруутан нь ээж. Гэртээ үргэлж төрөлх хэлээрээ ярьдаг ч хүүхдүүддээ монгол бичгийн хэлний сайхныг мэдүүлэх төвшинд сонирхолтой нарийн сэдвээр ярьдаггүй, тэдэнтэйгээ ярилцлага, мэтгэлцээн өрнүүлдэггүй ойр зуурын хэдхэн үгэн дотор эргэлдээд дуусдаг, болохоо анзаарлаа. “Өөрийгөө ялах” тухай Тулгатын аль эртний бичлэгийг хүүдээ хүмүүжлийн нөлөө үзүүлчих санаатай уншиж өгтөл. олон монгол үг, хэллэгийг ээж харийн хэлээр орчуулж, тайлбарлаж байж арай гэж ойлгууллаа.
Ш.Баатар \Сан-Франциско\ нэг удаа гадны хэл соёлыг авсан атлаа төрлөх хэл соёлоо мэддэггүй гадаадад байдаг хүүхдүүдийг бананатай зүйрлүүлэн халаглаж байсан санаанд оров. Гадаадад амьдардаг гэр бүлийн хүүхдүүд тухайн байгаа орныхоо хэлээр бичиг үсэгт тайлагдаад, тэр орны түүх, нийгмийн байгууламж, хэл уран зохиолтой хар багасаа танилцан, гадаад соёл сэтгэлгээ бүхий монгол төрхтэй ч гадаад хүн болоод байна. Эцэг эх нь ажил амьдрал, сургуулийн мөр хөөж өдөржин завгүй гүйгээд, оройдоо нэг их ядарчихсан хүмүүс “гэрийн даалгавраа хийсэн үү, маргааш үүнийг өмсөөрэй, даарч хөрөв өө, томоотой бай, халзан толгойт хулигануудаас хол явж бай” ч гэх шиг ойр зуурын асуулт, анхаарулга төдийгөөр сурган хүмүүжүүлэх үүргээ хязгаарладаг. Би хүүхдээ бага байхад нь монгол хэл бичиг, гадаад хэлтэй нь зэрэг заагаад явахгүй бол ийм болдог юм байна шүү гэдгийг сэрэмжлүүлэх гэсэн хэрэг.
Хүүгээ “чи монгол төрхтэй ч, чех сэтгэхүйтэй яг банана шиг болж дээ” гэтэл, та тэгвэл юу шиг вэ? гэж байна. “Би бол нимбэг” гэж жинхэнэ монгол хэмээн бахархтал, “тийм гашуун уу?” гэж байна. Тийм дээ, хүүхдээ монгол гэхэд монгол биш болгосон гашуун үнэн. Гэтэл монгол хүн морь малтай л юмыг зүйрлэж ярихаас, самар жимстэй зүйрлэх нь ховор, үгүй ингэхэд би ч бас бишдэж байна уу гэж бодогдов. Нэг өдөр, хээр морио хул байдсаар арилжих уу? нөгөө туулайн бөөр шиг морио хушга шиг өнгөтэй эм мориор чэнжлэх үү гээд ярьж байвал яанаа.

4 comments:

tumee 33 said...

Үнэхээр тийм шүү. Энэ сэдэв чинь миний хувьд ч бас хамгийн тулгамдсан асуудал байгаам.Манай хүн бид 2 хүүхдүүдтэйгээ гэртээ *зөвхөн монголоороо*гээд үзээд байгаа.Тэртэй тэргүй орчинд нь байгаам чинь амьдарч байгаа газрынхаа хэлийг бол аяндаа л сурдаг юм гэсэн..Сая нутаг явахдаа бага ангийн хэдэн сурах бичиг авчирсан, өдөр тутам хэрэглэдэггүй үгс зөндөө гарч ирэх юм байна лээ...

tumee 33 said...

Уучлаарай,энэ бичлэг тэнь хэзээ бичсэн юм болоо? энэ чех хэлийг уншиж мэдэхгүй болохоор...

ganga said...

Tumeed blogd mani orj setgegdlee uldeesend bayarlalaa. Arvan sariin 2-nd bichigdsen, minii huvld hamgiin suulchiin bichleg. Busad ni urid bichsen.

peakfinder said...

Yaj ch hicheegeed mongol hel hoyordogch bolchih yumaa. Bodood baihad bid nar ch oorsdoo heregledeg ugsiin san bagasaad baih shig. Uneheer setgel ovddog yumaa.