Saturday 6 October 2007

Бяцхан багш

Холбооны сургалтын төвд багш болоод эхний өдөр хичээл заахаар диспетчир авгайгаар хичээлийн танхимд хүргүүлэн очлоо. Хойно сургууль төгссөн залуу инженер Лхагва багшийн оронд мэргэжлийн хичээл заах болно гээд танилцуулав. Өө, ва гэцгээн арай л ба ба муухай гэхээс наагуур их л дургүй хүлээн авч байна. Тавь орчим насны, ааш зан сайнтай, онол практикийн мэдлэгээр хэнийг ч урдаа алхуулахгүй, юм юм жигдэрсэн бурхан багш Лхагва тэгэхэд орлогч захирал болж дэвшээд, цагийн ачааллыг нь багасгаж над мэтийн жулдрайг оронд нь оруулж хүүхдүүдийг шоконд оруулсан юм байж. Нуруулаг мярайлаг охидууд, ханхар дэнхэр хөвгүүд насаар өөрсдөөс нь бараг ялгагдахгүй айчихсан царайтай сөөсийсөн жижигхэн багшийг их голж байнаа. Айж эмээсэн хүнийг морь өөртөө ойртуулах дургүй, туулай зүрхтэн хүний дэмээр хүчээр мордоод авбал булгиж хаядаг даа. Морьтон монгол хүүхдүүд яг морь шигээ зөнтэй аж. Анхны хичээлд баяр хөөртэй орж ирсэн бибээр ийм хачин этгээдээр заалгахгүй гэсэн байдлаар хүлээн авсанд барьц алдан сандарлаа. Цаашаа харж схемээ зурах явцдаа самбар руугаа харж бувтнаж байгаад тэр өдөр уг ангид заах ёстой сэдвээ дуусгаад санаа амран эргэн харвал хичээл дуусах цаг яагаа ч үгүй байв. Арга тасраад асуух юм байна уу гээд авчихлаа. Асуултууд ар араасаа урсаж байнаа. Ашгүй мэддэг юм байхлаар хариулсаар байтал аяндаа тайвширав. Цаг харавсан сум шиг өнгөрч хонх дуугарч уртаар амьсгаа авсан даа. Түүнээс хойших хичээлүүдэд самбар харахаа больж чухал ойлголт тодорхойлолтыг аажуухан дуудаж өгөн бичиж авах боломж өгдөг гэх мэт арай дээр болов. Гэтэл хичээл бүрийн дараа асуултан далайд умбаастай. Цонхтой цагаар Лхагва багшийн орчим эргэлдэж элдэв юм асуун шалгааж, хамаг зовлонгоо тоочиж аврал эрж явдаг болов. Сургууль төгсөөд удаагүй болохоор онолын асуултанд торох нь гайгүй. Ямар лайтай хүүхдүүд вэ? Юун хэнхэг юм бэ? Бид оюутан байхдаа багшаас ийм элдэв юм шалгаадаггүй л байсан гэж дотроо хараавч, би мэдэхгүй гээд багш царайлах хэцүү тул ёстой газар хатуу тэнгэр хол гээч болно. Сургуульд байхдаа, төгсөж ирээд ч засвар дээр ажиллаагүй, телевизорын арын хавхаг авч тоосы нь үнэрлээгүй ёстой "нов ногооноороо" нөхөр байлаа. Хичээл тараад архаг эрэгтэй багш нарын лаборатороор засвар заалган эргэлдэж байгаад харих замдаа хүнс цуглуулана. Гэртээ ирж хүүхэд хардаг ажааг явуулаад, хоол хийж хүүхдийн хувцас угааж гэрийн эзэгтэй, хөхүүл ээжийн рольд тоглосоор байтал ашгүй хүүхэд унтаж, багш хичээлдээ бэлдэнэ дээ. Шөнийн нэг хоёрт л унтана. Шөнө хүүхэд уйлж сэрээн нойр хугаслах бол энүүхэнд. Ийм маягаар хоёр гурван сар өнгөрлөө. Ажиглаад байхад хичээлдээ сайн, толгой тархи нь гайгүй ажилладаг хэдэн хүүхдүүд ээлжээр асуулт бэлдээд байх шиг. Хүүхдүүд намайг туршиж мэрийгээд би ч мадлуулчихгүй санаатай чармайсаар сүүлдээ багш шавь шиг болж байнаа. Холбооны сургалтын төв нь техникум, мэргэжилтэй ажилчид бэлтгэдэг ТМС-аас (техник мэргэжлийн сургууль) бүрддэг байлаа. Би техникумын ахлах ангийханд мэргэжлийн хичээл, ТМС-д радио техникийн үндэс гэсэн ерөнхий онол заадаг байв. ТМС бас их сонин. Шугам кабель, аккумуляторын монтёр бэлтгэдэг анги нь дан эрэгтэй хүүхдүүд. Голдуу маш хөдөлгөөнтэй онцгой сахилгагүй улсууд нэг ангид гучуулаа нийлээд сууж байна. Бараг суухгүй гүйж харайж орилж бахирч, хоорондоо барилдаж зодолдож байна. Дан хөвгүүдтэй ангид ямар нэг аргаар чимээгүй болгож байгаад хэдэн үгээ хэрхэн хэлэх тэр багшийн авьяас. Зарим багш шалны модыг байлдааны бэлэн байдалд бариад ордог гэсэн. Эрэгтэй багш нар ширүүн хатуу гэдгээрээ барина. Туранхай жижигхэн би мод бариад хол явахгүй нь ойлгомжтой. Сонирхолтой ном ярьж байгаад яг эгзэгтэй мөчид таслан рекламны пауз авч хичээлээ шургуулах маягаар хичээл заасан болно. Сахилгагүй ч хичээл харин гайгүй ойлгочихно. ТМС-д ороход онцлог нь ямар ч асуулт тавихгүй. ТМС-ын сурагчдын хувьд миний хичээл холбооны хүний хувьд мэдэж байх ёстой зүйл болохоос ажил дээр нь барин тавин хэрэг болохгүй, нэг их ач холбогдолгүй хоёрдугаар зэрэгт тооцогдоно. Шуудангийн холбогч залгагч, захиа ялгагч гэх мэт мэргэжлээр сурдаг нь дан охидууд. Дэндүү томоотой бараг мэлрээ гэмээр чив чимээгүй улс. Ойлгож байдаг үгүйг мэдэх аргагүй. Дараагийн шинэ сэдэв эхлэхээс өмнө, түрүүчийн хичээлээс асуухад бүгд гар өргөөд гайхалтай. Нэг нөхрийг босгоод асуухад хичээлийг эхнээс нь дуустал тангад ном шиг дуржигнуулна. Дотроос нь лавлаад задлаад асуухаар юу ч мэдэхгүй. Нэг иймэрхүү улс. Цээж ухаан үнэлдэггүй хачин багш гэж мэдээд тэгсхийгээд хоосон цээжлэхээ больцгоосон. Хирэндээ тэдэндээ ойлгуулчих санаатай янз бүрээр хялбарчлан тайлбарлана. Шинэ сэдэв бүрийн өмнө өнгөрсөн сэдвийн шалгалт авдаг байв. Сэдвийн шалгалтанд нэг нөхөрт "Резонанс гэж юу вэ?" гэсэн асуулт таарчээ. Уул нь техникийн тодорхойлолт томьёо хоёр бичихэд л хангалттай. Гэтэл "дуурийн дуучин дуулахад тааз нурахыг резонанс гэнэ" гэсэн хариулт хүлээж аван инээж ч болохгүй, уйлж ч болохгүй ацан шалаанд орвой. Илүү дутуу юм ярихаа болиод, техникийн тодорхойлолтоо нүцгэнээр шахдаг болов. Үнэн уйтгартай. Ийм ангид хичээл ороход, асуултанд булуулаад хамаг оюун ухаанаа дайчлаад сонор сэрэмжтэй байдаг байдал аяндаа замхарч өөрийн эрхгүй биеэ сул тавина. Дайчин ангийханд нухлуулж, уйланхай хүүдээ ээрүүлж олон сар нойр дутуу явсан бяцхан багш мэлрээ ангид нэг удаа унтчихсан түүхтэй. Самбар дээр схемээ зураад хүүхдүүд зурах хооронд багшийн ширээнд суугаад, гараа тохойлдоод эрүүгээ түшингүүт шууд унтчихсан байгаа юм. Багш өөдөөс хараад унтаж байхад хүүхдүүд сайхан шуугиж байсан нь ойлгомжтой. Шуугианд унтаж байсан багш гэнт чив чимээгүй болонгүүт цочиод сэртэл хичээлийн эрхлэгч танхимын голд зогсож байв. Намайг сэрэнгүүт ганц ч үг хэлэхгүй гараад явчихлаа. Би хүүхдүүдээс уучлал гуйгаад хичээлээ үргэлжлүүлсэн. Багш нарын хурал, бүх ажилчдын хурал тэр байтугай би орох эрхгүй намын гишүүдийн хурал дээр: хичээлээс хоцордог, хичээл тасалдаг, хүүхдүүдтэй бүдүүлэг харьцдаг, архи уудаг хариуцлагагүй багш нар байна гэж муу муухай бүхнийг тоочиж байснаа тэр ч байтугай хичээл дээрээ хүүхдүүдийн өөдөөс хараад унтдаг багш байна гээд хамгийн хамгийн муугийн үлгэр жишээнд би явдаг болов. Багш нар "хүн шөнө унтаж өдөр ажилладаг байхад чи шөнө унтахгүй юү хийдэг хүн бэ" гээд жуумалзахад маданд орохгүйн тулд мачийгаад ч гэлтэй биш, мангар хүүхдүүдтэй нозоороод ч гэж хүнд буруугаа чихэлтэй биш дуугүй л мушийж явдаг байлаа. Залуу насаа гэж хөөрхий.

4 comments:

бж said...

saihan dursamj baina. Minii eej, egch hoyor holboochid... Ih dotno sanagdlaa...

Arsun said...

Резонансыг яг зөв хариулжээ. хахаха
Тэр хичээлийн эрхлэгч чив чимээгүй гасан шигээ хурал мурал дээр чив чимээгүй өнгөрсөн бол залуу багшид илүү нөлөөлөх байсан байх гэж бодож байна.

ceset said...

Site Web Dolabuy Louis Vuitton son explication Loewe Dolabuy imp source https://www .dolabuy.co

tewethot said...

parcourez ce site Web répliques de sacs ysl blog ici Hermes Dolabuy déclaration officielle Dolabuy YSL