Friday 26 October 2007

Цам гэж юу вэ



Хүнд өөрөөс нь буюу хөндлөнгийн учир шалтгаанаас учирч болох гай зовлон, гаслангийн уг учир шалтгааныг нам дарж, хөөн зайлуулах билгэдэл утгатай нууц тарнийн ёсны очирт бүжгийг цам гэнэ. Цам эхэн үедээ зөвхөн тухайн хийд дотор машид нууцлаг үйлдэгддэг, ямар ч үзэгчгүй төдийгүй, лам нарын зөвхөн сахил хүртсэн хэсэг нь оролцох эрхтэй, тодорхой зорилготой шашны зан үйл байжээ.

Зан үйлийн нууцлаг чанар, дотоод агуулгыг сахил хүртсэн лам нар хадгалан үлдэж, том ном хурах, линга эвдэх, сор гаргах зэрэг нууц тарны ёсны зан үйлийг сүсэгтэн олны өмнө үйлддэг болсноор цам хийдээс гадагш гаран хүрээгээ тэлжээ. Ингэж сүсэгтэн олон хүмүүний ертөнцөд залрах шашин хамгаалагч сахиус чойжид ямар дүртэйг харах боломжтой болжээ.

Цамыг цамнахдаа биеийг ганхуулах, сэгсрэх, тэргүүнийг зүг зүгт эргүүлэн сэжих; мутрын олон хөдөлгөөн хийх; хөлөөр харайх, дэвслэх, алхах, цамнах зэрэг хөдөлгөөнийг хийдэг. Хөдөлгөөний эрч хүч, аяс намбаар инээх, хилэгнэх, аврах, тонилгох зэрэг сэтгэлийн хөдөлгөөнийг илэрхийлдэг. Цам харайж байх үед линга эвдэх, сор балин гаргах, жахар залах зэрэг нууц тарнийн зан үйл үйлдэн, уншлага (хэлээр) урилга явагдан бясалгал үйлддэг байна.

Цам нь биеийн төгөлдөр хөдөлгөөнөөр сэтгэлийн хөдөлгөөний илэрхийллийг гарган, сэтгэлийн тэнхээгээр бурхад хийгээд сүсэгтнийг нэгэн үзүүрт сэтгэлд барин, нууц тарнийн бясалгалын хүчээр элдэв гай тотгорыг зайлуулан БИЕ, ХЭЛ, СЭТГЭЛ гурвын цогц урыг төгс гүйцээн бүрдүүлдэг тул гадаад (иргэний), дотоод (шашны), нууц (тарнийн) агуулгатай ажгуу.

Цамын тухайн дүр бүр урин дуудах, адислах, хөөн тонилгох зэрэг тухайн дүрийн онцлогийг илэрхийлэх хөдөлгөөнийг яв цав тохирсон хөгжмийн аялгуу дор хийдэг. Цамчид их бага алхалтаар дайсны орон сууринг чичрүүлэн доргиох, нураах эвдлэх санаах харуулдаг бол харайлт эргэлтээр дайсныг хууран мэхлэх, хөөн гүйцээд хороон устгах утга гарна. Догшидын эрэмбэ өндөрсөх тутам тэдний хөдөлгөөн улам удаан намбалаг, сүрлэг болдог байна.

Цамын дотоод агуулгыг тайлбарлахыг оролдсон гурван хувилбар байдаг: Үүнд; нэгдүгээрт, Эрлэгийн эзний дүрд тулгуурласан хамгийн түгээмэл хувилбар нь хойд насанд бурхад энгийн сүсэгтэн олонд ямар дүрээр залран үзэгдэхийг дүрсэлсэн гэнэ. Хоёрдугаар тайлал нь цам буруу номтонг хөнөөн дарж, бурхны сургааль энэ дэлхийд ялж төгсснийг илэрхийлж бурхад хүмүүний ертөнцөд заларч буйг харуулдаг гэнэ. Гуравдугаарт, цам бурхны шашныг устгахаар завдаж байсан Ландарм хааны үхэл зэрэг түүхэн үйл явдлыг жүжиглэн харуулдаг гэжээ.

Монголд Жахар цам 1811 онд Их Хүрээнд анх тавигдсанаас хойш 1937 он хүртэл 127 удаа гарсан байна. 1999 онд Хүрээ Цам хуучин дэг жаягаараа дахин сэргээгдэн Улаанбаатар хотын Гандантэгчилэн хийдэд гарсан билээ. Манай Монголд цам олон сэдвээр гардаг байсан бөгөөд зөвхөн бурхны шашны сургаал ялан төгссөн тухай өгүүлдэг байсангүй. Ер нь хүмүүний сайн сайхан амьдрах хүсэл мөрөөдөл, муу муухайг жигшин устгах санааг энэхүү шашны бүжигт тусгадаг санагдана.

Цамыг бурхны шашны их хурал номын нэгэн хэсэг болгон цамнадаг бөгөөд цам гарахын өмнө хэд хоног үргэлжлэн а\ цамын талбай зам сэлтийг хүж утлага рашаанаар ариутган нямба хийнэ. Нямба-ойртуулах шадарлуулах гэсэн утгатай төвд үг. Чойжид сахиусыг баясалгалаар ойртуулах; б\Сор, жахар, балин, тахилд номын хүч оршоох; в\ Линга эвдэх багажуудад номын хүч оршоох хурал хурдаг.

Зарим эрдэмтэд цамыг мандал цогцлуулах үйлийг биечлэн үзүүлсэн тоглолт гэж үздэг. Хий, ус, гал, шороо, огторгуй гэсэн үндсэн таван махбодоос ертанц үүссэн хэмээн бурхны шашны космологи (ертөнцийн үүслийн онол) үздэг. Дээрх элементээс бүтсэн хорвоо ертөнцөд зургаан зүйлийн хамаг амьтан үхэж төрөн хорвоогийн тоос болон замхарсаар олон хөрс үүсдэг гэнэ. Мөнх бусыг үзүүлсэн өчнөөн амьтны хэлхээтэй араг яс өндөр болон өндийж, улмаар уулс сүндэрлэдэг гэнэ. Байгалийн жамаар бүрэлдсэн тэр гоёмсог ясан хэлхээ сондор нь амьдрал дэнслэгч дээд бурхдын ордон лугаа ижил гэж сэтгэдэг юм байна. Ийм шаталбар болсон сүмбэр уулын оройд бурхад, догшид өөрсдийн юум(хатан), хангал (нөхөд), бараа бологч, хаалгач, зарц сэлтийн хамт залардаг гэнэ. Ертөнцийн үүслийн тухай ийм нэгэн онол бурхны шашинд бий. Түүний загварыг дүрслэн бүтээснийг мандал гэдэг.

Оюун ухаан сэтгэлдээ бурхад сахиус тэдний дагуул сэлтийг ургуулан бодож, бурхны орныг бодитой биечлэн харуулсан жүжиг бол цам гэж бас тодорхойлж болно. Ийнхүү амьд мандал цогцлуулан бурхан, сахиусыг бясалгал тарнийн хүчээр урин залж сүсэгтэн олонд толилуулан, тэр жилийн барцадыг линга, сор зэрэгт шингээн муу муухай нүгэлтэй зүйлээсээ ангижирч байгаа утгатай юм байна.

Сор гэдэг нь гурилан тахил гэсэн утгатай. Сорд тарнийн хүчээр муу муухайг шингээж, цамын үед галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.

Линга гэж шашны дайсныг билгэдэж бүтээсэн арзайсан сэгсгэр үстэй, уурласан царайтай, залгих хоолой нь хялгас мэт нарийхан, цүдгэр гэдэстэй, гарыг ард нь хүлсэн эрийн дүрс баримал буюу зураг. Хүний сэтгэл хэзээ ч ханадаггүй, хармын сэтгэлээр бусдын юманд үргэлж шунан ховдоглож байдаг санааг илтгэнэ. Зарим судлаачид лингаар энэ насандаа нүгэл их үйлдсэн хүмүүн тамын оронд бирд болоод идье гэтэл амнаас нь гал гарах тул идэх хоол нь шатна, залгих гэтэл хялгасан хоолойтой тул юу ч орохгүй үргэлжийн өлсгөлөнд тарчлах тавиланг бэлгэдэн дүрсэлсэн гэдэг. Шашныг эсэргүүцэгч дайсан (буруу номтон), тарнийн хүчээр лингад шингэнэ гэж үзэх ба түүнийг олон хэсэгт хуваан “эвдэснээр”, амийг нь авч цаашид нүгэл үйлдэж чадахгүй болгон сайн төрөлд илгээж байгаа юм байна.

Уур хилэн, атаа жөтөө, омог бардам, харанхуй мунхаг, шунал тачаал гэх нисваанисийн таван хор нь “нүгэл” бүхний эх үүсвэр болдог гэж сургадаг. Ноён хутагт Данзан Равжаа “Цаасан шувуу” сургаал зохиолдоо “Мунхагийн харанхуй дотор согтож, уурын мэсийг бариад, омгоор түлэгдэж, атаагаар энэлэн зовлонгийн эрхшээлээр эмгэнэх амьтан бүгд хөөрхий” гэж яруу тодоор бичсэн байдгаас нэгийг санаж, хоёрыг бодууштай.

Жич: Өөрийн 2003 онд бичсэн “Хүрээ Цам” номноос түүвэрлэн авав.

8 comments:

Ангаахай said...

зурагнууд нь:
http://www.mongolart.mn/bimeges/photo/tsam_dance_large.jpg
http://www.raventoursandtreks.com/images/tormenting%20demons.jpg
http://www.mongolart.mn/bimeges/photo/religious_dance_large.jpg

peakfinder said...

Sonirholtoi yumaa. Yuroosoo camiin tuhai sain meddeggui baisan yum baina. Shine zuilnegiig medej avlaa, bayarlalaa.

БЭ said...

Уншихад маш хэрэгтэй мэдээлэл байна шүү, ер нь энэ талаар маруухан мэдлэгтэй явдагтаа санаа зовоод байдаг, харин таны ачаар овоо юм уншиж мэдлээ. Ингэхэд "...линга эвдэх, сор гаргах..." гэдэг ямар учиртай үйл явдал юм бэ?

ganga said...

Ангаахай аа, чиний илгээсэн сайтаас зураг татаад суулгачих санаатай нилээд оролдоод мухардав. Болохгүй байна хө.
Тэлмэнд,
Линга гэж нэг тийм аймаар хүн дүрстэй баримал \золиг\ гурилаар бүтээгээд түүндээ тэр жилийн нүгэл нилэнц бүхнээ шингээнэ. Тэр дүрсээ линга эвдэх багаж\10 ширхэг\, тарнийн хүчээр устган гал руу хийж муу муухайгаасаа салахыг билгэдсэн шашны зан үйл.Гурилаар хийсэн лингийг баглин, цаасан дээр зурсныг шоглин гэдэг.
Сорийг хийхдээ есөн зүйлийн тарианы гурилаар өндөр гурвалжин босгоод түүнийгээ гол болгон гурван тийш ирмэглэн давхарлаж галын дөлийн дүрсийг эхлээд хөх, түүний гадуур улаан, шаргал, шар зэрэг галын бүх өнгөөр будаж, дүрэлзэн асч буй "гал" буй болгоно. Оройд нь гурван салаат шар очир хатгана. Гурвалжин суурьтай, босоо хүн шиг өндөр тахил үүснэ. Сорыг мянган дайсны толгой огтолсон гэх сэлэмний төмрөөр хийсэн тусгай тавган дээр байрлуулдаг ажээ. Чухамдаа сороор гурван ховилтой гадсыг бэлгэдэн, түүнд муу муухай бүхнийг хөдөлшгүй хадаж байгаа хэрэг. Сорд тарнийн хүчээр тэр жилийн муу муухайг шингээж, галд хаяж устган, муу муухайгаас салж буй санааг илэрхийлдэг.

БЭ said...

Ааан зөв зөв, тэгвэл тийм үйл явцыг бага сага мэдэх юм байна. Харинэ нэ үгнүүдийг н/, тодорхойлолтыг нь мэдээгүй явж, баярлалаа, маш сайхан тайлбар хийж өгсөнд. Суралцах юм их байна шүү.

бж said...

Saihan medeelel ugsund ih bayarlalaa. Ih sonirholtoi saihan bichih yumaa. Daraagiinhii ni huleej baina.

ariun said...

Сайн байна уу
Нэг гуйлт байнаа.Улаан сахиусны талаарх мэдээлэл олж өгөөч Энэ нь бөөтэй холбоотой юм байна лээ.Сахиус дууддаг хүн гэж бас байдаг юм байна лээ. Тэгээд яг сахиусны талаарх мэдээлэл олж өгч тус болооч Жаахан дэлгэрэнгүй

sosa said...

index bags replica ysl important site dolabuy.su additional hints this