Tuesday 2 October 2007

Нэрийн хуудас-Янхан

Петра Хуловагийн “Эмээгийнхээ дурсгалд” хэмээх номыг уншиж үзлээ. Хорин хэдхэн настай залуу хүн ном бичээд хэвлүүлчихнэ гэдэг авьяастайг харуулна. Түүний бичих арга барил, үг сонголт хийгээд найруулга муугүй. Зан заншил, түүх соёлыг нь сайн мэдэхгүй харийн оронд үйл явдал нь өрнөж буйгаар ном бичих зоримог санаа төрж, түүнийгээ хэрэгжүүлж ном болгочихдог сүрхий л охин юм. Хүний сэтгэлийн дэмийрэл жолоогүй тэнэсэн сум шиг тул онож буудаж байж үнэмшилтэй, үнэнд ойртсон ном төрнө. Хэн нэгний уран сэтгэмж тодорхой цаг хугацаа, орон зайд биежихэд уран зохиол төрдөг. Ер нь зохиол бүтээл ном тухайн зохиолчийн сэтгэлийн задгайрал, мэдлэгийн хэмжээс тул хөндлөнгийн хүн шүүмж үг унагах нь илүүц мэт. Гэвч уг номыг уншихад монголчууд биднийг үндэстэнийх нь хувьд дорд үзээд ч байх шиг санагдаж эгдүүцэж байтал, улмаар зохиогчийн радиод өгсөн ярилцлага үүнийг бичихэд ташуур өгөв. Ерийн нэгэн монгол уншигчид төрсөн сэтгэгдэл төдий юм даа.

Зохиолын үйл явдал Баянхонгор аймгийн өмнөд говьд өрнөнө. Зохиолын гол баатар Тулгаагынх амины нэлээд малтай, жийп машинтай айл. Авгай Алтаа нь төрхөмдөө байхдаа төрүүлсэн Хироко, нөхрөөсөө Мага, хятадаас эрлийз Заяа, оросын эрлийз Нараа, нөхрөөсөө гэхэд эргэлзээтэй ч цэвэр монгол цусны Оюун зэрэг олон охид төрүүлсэн. Хироко байх даа яахав. Монголд монгол, төвд, санскрит, хааяа нэг орос нэртэй хүн байхаас япон нэртэй хүн байдаг тухай би хувьдаа дуулаагүй. Алтаагийн дүү Шарцэцэг нийслэлд очиж янхан болно. Заяа, Нараа нар хойноос нь очиж, Шарцэцэг ажаа дүү нараа янхан болоход хөтлөнө. Монголд зөвхөн янхнууд л хоолтой, хувцастай “диваажинд” мэт дажгүй амьдардаг. Сумын төвийн эмнэлэгт эмийн оронд архи цутгаж байх шиг. Ил тавьсан талийгчийн гар хөлийг нохой зуугаад гэрийн гадаа авчирч ч байх шиг. Тоос шороо хийсээд өнгө дарсан гунигтай амьдрал. Товчдоо үйл явдал нь нэг иймэрхүү.

Хүн хүний сонирхол өөр л дөө. Монголд очдог жуулчид, судлаачдаас амьтан ургамал сонирхдог нь дэлхийд ховордсон Их Говийн хулан, тахь, хавтгай, мазайлай зэрэг амьтдын тухай, ан гөрөө сонирхдог нь аргаль, угалз агнасан, загасчид нь тул зэвэг барьснаа гайхуулж, зураг урлаг сонирхдог нь зээгт наамал, нагтан гартан танк гээд сонин урлах эрдмийн тухай, дуу хөгжим сонирхдог нь уртын дуу, гүр дуу, хөөмий гээд өвөрмөц язгуур урлаг байдаг тухай нэг хэсэгтээ ойр тойрны нөхөддөө хуучлах юмтай очдог. Тэдний зарим нь өгүүлэл, ном бичиж, баримтат кино бүтээх нь бий. Чехүүд “олгой хорхой” гэж эртний нэг домгийг бодьтой, манай говьд аврага том олгой хорхой байдаг гэж итгэдэг улс.

Харин “монгол янхнуудыг судалж, ном зохиол бичиж гэнэ” гэж ер сонсоогүй юм байна. Монгол гэхээр гадаадынхан ерөнхийдөө цэлийсэн тал, цөлд хэдэн арван сая мал, цөөн хэдхэн хүн бий гэж төсөөлдөг. Жуулчны байгууллагууд хүн татахын тулд нүүдлийн соёл, онгон байгалиа түлхүү сурталчилдаг нь ийм өрөөсгөл ойлголт төрүүлдэг бололтой. Тэр их тал, говь цөлд хэдэн малаас гадна янхан хүүхнүүд бас байна хөөе гээд хэн нэгэн хашгирахаар хүний чих дэлдийнэ дээ. Юм юманд дөжирчихсөн “хөгшин Европын” сэрлийг этгээд гажууд зүйлээр л хөдөлгөнө. Тэд зурагтаар энд тэндхийн зэрлэг омгийнхныг нүцгэн шалднаар харуулах дуртай. Жил болгон Чехэд болдог олон улсын баримтат киноны фестивалд хорвоогийн олон үндэстэн хэрхэн янханддаг тухай кино дээгүүр гүйж, 2002 оны хаврын фестивальд Бомбей хотын ядуусын хорооллын бага насны охид хэрхэн янхандан голоо зогоодог тухай кино олны анхаарлыг сүрхий татсан.

Бие үнэлэгч янхан хүн төрөлхтний хамгийн эртний түгээмэл “мэргэжил.” Монголд хүний орчлонд байдаг сайн муу бүхэн янхантайгаа хамт байдаг биз. Янхан дээр очиж тэлээгээ мулталж, хэтэвчээ нимгэлдэг эрчүүдийн ихэнх нь гадаадынхан гэдгийг эмч, цагдаа нар тогтоосныг “судлаач” маань харин тодруулсангүй. Үлдсэн нь баян чинээлэг монгол эрс байх учиртай. Монгол баячуудын тухай энэ номд ганц ч өгүүлбэр алга. Чинээлэг болон дунд давхарга байж гэм янхнаар голоо зогооно биз дээ. Янханд очдог эрчүүд байхгүй бол эрэлт борлуулалтгүй энэ салбарт “хүчээ сорих” эмэгтэй гараа ч уу, үгүй ч үү.

Казанова номыг уншихад янхнууд гэж ийм улс байдаг юм байна гэсэн сэтгэгдэл төрөхөөс италичууд ч балай улс юм гэж бодогдохгүй. Мопассаны номыг уншихад мөн францчууд үндэстнийхээ хувьд завхай зайдан гэсэн санаа төрөхгүй, хүний ертөнцийн эрээн бараан л сэтгэлд бууна. Энэ бол зохиолчийн ур чадвар. Хуловагийн янхануудаас үүдээд чехүүд энд номын мөр хөөж яваа оюутан, аспирант залуусыг танай монголчууд ингэдэг үү, тэгдэг үү гэж шалгаажээ Үйлдвэрт ажилладаг энгийн монгол ажилчид энэ номоор ороогдон бас тэвджээ.

Монголтой холбож зарим уншигч хүлээж авч буй тул янхнаас гадна монголын тухай ном юм болов уу даа, хэн мэдлээ. Тулгаа хятад наймаачнаар зуучлуулан өмнөд хөршид наймаа эргүүлж, авгайгий нь араар нь хятад орос эрчүүд эргүүлж байхыг бодоход цаг зөөлөрсөн ерээд он гэмээр. Дөч гартлаа янхандсан хятадын эрлийз Заяа, оросын эрлийз Нарааг насаар нь баримжаалахад арилжаа наймаа хориотой, орос хятадын доншуур наймаачид чөлөөтэй сэлгүүцэх боломжгүй, хил хаалттай жар далаад онд ээж нь олсон баймаар. Эрлийзүүд хоногоор бус цагаар торниж, тав арван жилд дөч гараад, бас оворгүй гэж байгаа. Уг нь янханууд амархан “элэгддэг” баймаар.

Цэрэгт яваад залуус шилэрдэг зэргээс говьд эр хүн цөөвтөр. Хүйсийн тэнцвэр алдагдснаас энд нөхөргүй эмэгтэйчүүд байдаг нь үнэн. Албан ёсны авгайтай атлаа, булчингийн хүч шаардсан ажил төрөлд нь очиж тусалдаг “байдаг айл” гэгдэх хоёр дахь гэрийнхээ амьдрал ахуйг давхар аваад явдаг эрчүүд говьд бий. Алтаа авгай эр хүн ховордуу “говьд” нөхрөө араар нь тавиад л, эрлийз хүүхэд төрүүлээд л...

Хулганы \хархны\ мах хэрэглэдэггүйгээрээ нэр сайнтай хотын нэг гуанзны тухай гарах юм. Инээд хүрмээр. Гучин хэдэн сая толгой малтай, хоёрхон сая хүнтэй Монголд мах шиг хямд юм байхгүй. Үлгэрлэвэл цагаан будаа тариалдаг орны хүмүүс будааны чанарыг үнэр сэлтээр нь андахгүй таньдаг шиг, монголчууд мах танихдаа сайн. Ямар махаар хоол хийснийг амт, үнэрээр нь, тэр ч бүү хэл шөлний нь тосны хэлбэрээр ямар ч хүн ялгана даа. Манжийн дарлалд байсан гурван зуугаад жилийг үндэсний доройтлын доод цэг гэвэл, тэр үед ч монгол хүн харх идэж үзээгүй. Дэлхийн нэг хоёрдугаар дайны хөлд нэрвэгдсэн зарим том хотын иргэдэд тиймэрхүү зовлон учирч байсан байх аа.

Тулгаагийн тэжээдэг хэдэн охид эрлийз, халхаараа ялгараад бие биеэ үзэхгүй, хоорондоо тун эвгүй. Монголд ураг төрлийн уламжлалт холбоо одоо ч хүчтэй хэвээр байгаа. Энэ тухай бид байтугай гадныхан анзаарч бичсэн судалсан байдаг. Төрөл садансаг сэтгэлгээ нийгмийн сөрөг үзэгдлийн хэмжээнд хүрсэн тухай Чехийн монгол судлаач Вероника Капюшовска “Монгол төрөл садангын орон” \”Новый ориент” сэтгүүлд\ өгүүлэлдээ бичсэн нь бий. Нэг гэр бүлийн хүүхдүүд амь нэгтэй өсдөг дөө. Тэгээд ч хүүхдийн ертөнц, арьсны үзэл хоорондоо авцалдахгүй. Хүүхэд хэзээ ч, хаана ч эвдэрч амжаагүй, цайлган цагаан сэтгэлтэй байдаг. Эцэг эх аль нэг хүүхэддээ илүү хайртай байж, бусад нь бага зэрэг атаархах гомдох тал байдгыг үгүйсгэхгүй. Франц Кафкагийн “Эцэгтээ бичсэн захидалд” иймэрхүү өнгө аяс цухалздаг.

Олон монгол үгийг Хулова орчуулалгүй хэрэглэжээ. “Гэр” мэтийн монголын өвөрмөц соёлыг илтгэх үгийг орчуулахгүй байж болох юм биз. Гэтэл янхны газар нь “диваажин” нэртэй. “Диваажин” гэдэг үгийг орчуулгаьтайлбаргүй хэвээр орхисноор монгол хэл мэдэхгүй чехүүд үгийн утга, цаад доромж санааг ойлгохгүй. Сайн үйлстэн “диваажинд” очдог загалмайтны шашны ойлголтоос биднийх арай өөр. Утгын энэ нарийн ялгааг ойлгодог болоод зохиогч зориуд орчуулаагүй мэт. Ямар ч ард түмэнд халдах аргагүй ариун юм гэж бий. Номын эхний мөрд байх “шороо” гэдэг монгол үгийг яаж ойлгох болж байна. Энэ хорвоод ганц Монголд л шороо хийсдэг, бусад улс орон усанд юмуу вакуумд байдаг болж байна уу? Хойд мөсөн далайн эскимосууд зуны цөөхөн хоногтоо цас мөснөөс гадна шороо гэдгийг харчихдаг гэсэн.

Японы монголч эмэгтэй Кимура Аяако монголчуудыг хурцаар шүүмжилсэн “Тархины тураал” нийтлэл бичиж, монголын хамгийн олон уншигчтай сонинд зоригтой нийтлүүлж байсан удаатай. Нүүрэн дундуур ташуурдах мэт гашуун үгтэй ч манай орныг дэвжээсэй, монгол хүнийг хөгжөөсэй гэсэн сэтгэлийн өчилд нь доромж ёгт утга байгаагүй санагдана. Би хувьдаа талархан хүлээн авч байлаа.

Хулова хатагтай “Монголд хэвлэлийн газар, уран зохиол хөгжөөгүй орон, би монгол уран зохиолын ном уншаагүй” гэж “Frekvence-1” радиод өгсөн ярилцлагадаа хэнэггүй авч байх юм. Монгол хүний дотоод ертөнц, сэтгэл зүйг насаараа дунд нь амьдраагүй, тэр тутмаа уран зохиолыг нь огт уншаагүй хүнд мэдрэнэ гэдэг юу л бол. Мэдэрч байж л ойролцоо дүрслэнэ дээ. Тэр тутмаа эмэгтэй хүний хайр дурлал, хөнжлийн явдлыг... Би цагтаа дундад зуунд “ариун бүс” хэмээх төмөр дотоож эхнэртээ өмсгөөд, түүнийгээ цоожлоод, түлхүүрий нь хармаалаад холын аян дайнд явчихдаг байсан европ эрчүүдийн тухай бичию гээд, эмэгтэй хүн хормой бөгс бичихээс цэрвээд гэхүү, тээр дээр үеийн европын түүх соёлыг би чинь хэр мэдэх билээ гэж бодоод больчихсон тал бий. Говийн амьдралыг харийн хүн байтугай хангайн монгол хүн тод томруун дүрслэхэд амаргүй. Говь бол үнэхээр өвөрмөц амьдрал ахуйтай сонин орчин. Их Говийн ажилсаг бүсгүйчүүдийн тухай “говийн сайн эм, хангайн муу эрээс илүү” гэсэн үг хүртэл байдаг. Номонд гарах “говийн” эмэгтэйчүүд хоол хийх, юм оёж шидэх төдий тасалгааны хэврэг “цэцэгс”. Чехийн нэрт зохиолч Милан Кундера чех хөрсөн дээрээ бүтээлээ туурвиж алдаршсан. Гучаад жил Францад амьдарч, сүүлийн арваад жил франц хэлнээ номоо бичдэг болсон ч чехийн тухай түлхүү өгүүлдаг.

Бид чинь эртний түүх соёлтой, аман зохиол, уран зохиолын баялаг өвтэй ард шүү. Авьяас чадлыг нь хүндэтгэн холын бараанаас цагаан эсгий дэвсэн угтдаг алдарт Парчин туульчийг гадаадын монголч эрдэмтэд андахгүй мэднээ. Таны багш чехийн нэрт дорно дахин судлаач Ярослав Васек аялгуу сайхан монгол хэлнээ ердийн малчин өвгөн уртын урт туульсыг цээжээр хайлахад гайхан биширсэн тухай уншсан юм байна.

Тангадын Галсангийн

“Өөрсдөө даалимба хөдөс өмсдөг

Үр ачаа нэхийд өлгийддөг

Номыг харин торгоор баринтаглаж бурхныхаа дээр залдаг

Монгол түмний минь заншил гайхамшиг” гэсэн дөрвөн мөрт байдгийг “монголч” Хулова мэддэггүй нь эргэлзээгүй.

Социализмын үед тоотой хэдхэн том улсын хэвлэлийн газартай байхад ч бид үндэсний ном судраас гадна дэлхийн сонгодог зохиолын орчуулгыг төрөлх хэлээрээ уншиж байв. Зөвхөн чехийн сонгодгоос дурдахад Бямбын Ринчэний орчуулгаар Алоис Ираискийн “Эртний Чехийн домгуудыг” би хүүхэд байхдаа монголоороо уншсан. Монголчууд бараг бүгдээрээ Гашекийн “Эрэлхэг цэрэг Щвейкийн хөгтэй явдалтай” танил. Одоо хэвлэлийн газар ёстой борооны дараах мөөг шиг олширсон. Танд сонирхуулж хэлэхэд, эмэгтэйчүүдийн асуудлаар, хайр дурлалын сэдвээр сайхан ном бичдэг С.Дулмаа, Ц.Хулан гээд өчнөөн олон эмэгтэй зохиолчид бий.

Хулова хатагтайд итгээд амьдралаа ярьсан янханууд зохиолын гол баатар болоод Европт мандаж буйгаа мэдээгүй байгаа болов уу. Манай нийгмийн эмзэг бүлгийн дунд цээрлэлгүй орж, судалгаа хийсэн хүн энэ номоо монгол хэл рүү хөрвүүлж, монгол уншигчдад толилуулна гэдэгт итгэнэм. Юм ил шулуундаа сайхан. Танд уран бүтээлийн амжилт хүсье.

Прага хот 2002 он.

PS: Хулова Карлын их сургуулийн монгол хэлний ангийн төгсөх курсын оюутан байхдаа Монголд нэг жилийн дадлагаар очиж ирээд „Эмээгийнхээ дурсгалд“ номоо бичсэн. Энэхүү “Petra Hůlová, Paměť mojí babičce, Torst 2002 ном 2002 оны шилдэг номоор шалгарч, олон дахин хэвлэгдэж нэг үе нэлээд шуугиан тарьсан. Хоёр их хөршдөө уусч, мөхөж байгаа үндэстэн гэсэн ёгт санаатай мэт санагдаад, заавал янхнаар дамжуулж биднийг дүрслэхдээ яахав даа гэж хэд хоног их л бухимдаж билээ. Миний ууртай эсэргүүцлийг орчуулж, хэвлэж өгөх газар олдоогүй. Одоо интернетээр монгол сонин уншсаар, бас ч оргүй юм биш юм даа гэж өөрийн эрхгүй бодогдоод байх боллоо.

10 comments:

erchuud said...

Petra Hůlová

ene ememgteig bi sain sanaj baina. suuld mongoliin tuhai nom bichsen gej sonsson.
minii medeheer mongold naiz zaluutaigaag ireed , naiz zaluu ni ikh surguuliin chez helnii angiin kazak ohintoi uyerheed uunees bolood , gunigtai bas haaya uudag baisan , muuhai l yum mongoliin tuhia , ontsgui medeelel bichdeg.

ganga said...

ercheed blogoor mini orj koment uldeesend bayarlalaa. Durlal uzen yadalt hoyor egch duu gedeg. Ali ali ni setgeliin huchtei donslol bolohoor niileed nom hurtel garchihdag baih ni. Ene tuhai halit duulj baisan. Herev unen bol mongol emegteichuudiig harluulah shaltgaan ni bolson biz dee.

eebee said...

saina uu email avsan hoeulang bi tanih yum baina, harin email hayag n' oldohgyi baina, syyld olood yavuulya

Anonymous said...

Манайхаар зочилсонд байрлалаа. Энэ номны тухай бичсэн сэтгэгдлийг чинь уншлаа. За бараг номыг нь уншсан шиг болчихлоо доо. Хэн хүний дургүйг хүргэмээр ном байж. Ер нь сүүлийн үед ном кино мэтээр дамжуулан эх орны минь тухай дэндүү гажуудуулж байгаа шиг. Энэ нэг талаасаа бид хэр зэрэг битүүлэг байсны л гай юм боловуу. Болж өгвөл бид дэлхийд нээгдэх л хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж зөвөөр эерэгээр. Тэр үед чиний энийг хэвлүүлэх газар олдоогүйд их харамсаж байна даа. Дашрамд хэлэхэд надад бас нэг уншиж байх блог нэмэгдсэнд байртай байна.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Ямар ч байсан манайхаар орж уншиж, мөн урмын үг харамгүй үлдээсэнд баярлав. Өөрийн сэтгэгдэлээс уншихад энэ зохиолч эх орны минь тухай нилээд муухайгаар бичсэн бололтой. Ер нь сүүлийн үед ном кино мэтээр далимдуулан борлуулахын тулд ихэд ташаа байдлаар гадагш нь цацаж байна даа. Энэ нь бидний хэр зэрэг битүүлэг байсны гай юм болов уу. Бид нээгдэх л хэрэгтэй байна. Гэхдээ мэдээж үнэн зөвөөр. Тэр үед үүнийг хэвлэх газар олдоогүйд ихэд харамсаж байна даа. дашрамд хэлэхэд бас нэг уншиж байх блог буюу орон зай, нэгэн шинэ ертөнц нээгдэж байгаад байрланам. Өөрт тань маш их амжилт хүсье

Баасандаваагийн ДӨЛГӨӨН said...

чиний review-г уншсаны дараа энэ номыг унших ямар ч хүсэл алга болчлоо. Монголд янхандалд дэлгэрч байгаа эсэхийг мэдэхгүй юм. Хүмүүсийн яриагаар бол их л гэлцэх юм гэхдээ арай ч говьд байдаггүй байлгүй дээ.

ZAYA said...

Ганц жил дадлага хийгээд тийм хүнд сэдвээр бичээд байхдаа яахав дээ. Зарим том эрдэмтэн чинь насаараа судлаад баялаг сайхан эрдэм шинжилгээний бүтээл гаргадаг ш дээ. Арай ч дээ...

Anonymous said...

Дургүй хүрмээр байгаа ч гэсэн хавтгай дэлгэцтэй монитороосоо түр ч гэсэн салаад, дулаан паартай өрөөнийнхөө цонхонд дөхөж, зэвхий даасан УБ-ын гудамжийг эмх замбараагүй мэт язганах хүн-шоргоолжнуудтай нь хамт харж хэсэг зуур зогсонгоо янхан гэдэг бол яах аргагүй монголын нэрийн хуудас гэдгийг хүлээн зөвшөөрөв. Монгол бүсгүйн гоо үзэсгэлэн, билэг төгс ухаан, эелдэг даруу намба төрх энэ тэр гэдэг чинь үлгэр байхгүй юу даа. Элэнцгийн чинь Өэлүн эхийн удам монголжингоо гэж. Шал худал. Алунгоо хүртэл биологийн хэрэгцээгээ хангалдуулж байгаад үр дагаврыг нь нуухын тулд "тооноор тусдаг шар гэрэл" зохиож байх вэ дээ.

S. B. said...

Энэ номны талаар унгарт байхдаа сонсож байсан юм байна.
Зохиолч монгол судлаач болох ирээдүй муутай л нөхөр юм байна. Нэг удаагийн бестселлер бичиж, шуугиан тариад, дахин мандах нь юу л бол?
Гэхдээ бид л өөрсдийгөө сурталчилж, бодит байдлыг харуулахгүй бол хэн ч бидний өмнөөс биднийг магтаж бичихгүй байх л даа.

Anonymous said...

пособие для заботящих родиелей.
Мы даем прекрасное пособие которое поможет всем
заботливым родителям понять как правильнее ухаживать за своим ребенком блог http://rubebi.ru
Извините что может не в ту раздел написал. но не нашел раздел рекламы
[url=http://rubebi.ru/mult/1428-detskiy-al.html]Детский ал : Энциклопедия для родителей[/url]