Tuesday 23 December 2008

Миний Нэр Улаан

2006 онд уран зохиолоор Нобелийн шагнал хүртсэн Түркийн зохиолч Орхан Памукийн “Миний нэр улаан” номыг уншиж байхад 500 жилийн өмнө бүтээгдсэн номын чимэглэлийн түрк, персийн уран зургийг манай монголын уран зурагтай үе үе харьцуулж байв. Тэгэхээр Түркийн номын сангуудад эдгээр хагас мянганы тэртээ зурагдсан зураг хадгалагдаж байдаг байх нь. Иранд перс хэлнээ манай түүх, соёлын өвтэй холбоотой өчнөөн материал лавтай байгаа гэсэн сэтгэгдэл монгол уншигчид эрхгүй төрнө. Барууны уншигч харин өрнө, дорнын соёлын ялгаа уран зураг сэтгэлгээнд хэрхэн илэрч буйг харуулжээ гэж хүлээн авах болов уу.

Туркийн соёлоо нэвтэрхий мэддэг, түүх гүн ухаан урлагын талаар дүрслэн бичихдээ өдөр тутмын амьдралын тухай өгүүлж буй мэтээр хошин, ёжин гаргах бол зохиолчид барагтай бол хүрч чаддаггүй бичгийн ур чадварын түвшин хэмээн Орхан Памукийг гайхан шагширсан байдаг. “Миний нэр улаан” ном “Би үхдэл”, “Би нохой”, “Би морь”, “Би алтан зоос”, “Би Хар”, Би Улаан” гэх зэрэг олон жижиг бүлгээс бүтдэг. Бүгд нэгдүгээр биеэс өгүүлж буй мэтээр бичигдсэн нь номыг улам сонирхолтой болгосон. Алтан зоос гэхэд л том жижиг, хиртэй хиргүй олон гар дамжин, шижир алт эсэхийг шалгах гэж хүмүүс өмхий амандаа хийж шүдээрээ хазаж үздэг, заримдаа биеийнхээ хамгийн эвгүй үнэртээ газраа хадгалан нуудаг гээд инээдтэй “зоосон заяаг” үнэн хөгжилтэй бодитой харуулж байхад, морь нь харин зурмал морь байх, улаан нь улаан будгийн омогшил байх жишээтэй. Ихэд таалагдсан тул эхний хэдэн хуудаснаас орчуулах гэж оролдлоо. Болгооно уу:


Нэгдүгээр бүлэг

Би үхдэл

Би-үхдэл, худгийн ёроолд буй хүүр. Хэдийгээр амьсгал хурааж, зүрх цохилохоо болиод удсан ч надад юу тохиосныг адгийн муу алуурчнаас өөр хэн ч мэдэхгүй. Тэр муу новш миний үхсэнийг лавтайяа мэдэх гэж амьсгал чагнаж, судас барьж үзээд зогсоогүй аюулхай руу руу минь өшиглөөд худгийн амсарт авчран өндөр өргөж байгаад доош шидчихсэн. Худгийн ёроол мөргөн унахад тархи толгой хагарч, нүүр дух бяцарч, хамаг яс хэмхэрч ам цусаар дүүрсэн.

Би гэрээс гараад сураггүй дөрөв хонож байгаа болохоор авгай хүүхдүүд маань намайг үгүйлж байгаа. Охин минь уйлж байснаа дараа нь хашааны хаалга ширтээд сууж байгаа.

Тэд бүгд л намайг эргэж ирэхэд итгээд цонхон дээрээ харуулдаж байгаа. Тэд үнэхээр хүлээж байгаа гэж үү? Үүнд хүртэл бүрэн итгэлтэй бус. Намайг эзгүй гэдэгтэй хэдийнээ эвлэрсэн, тоохгүй байж болох. Ямар аймаар юм! Талийчихаад өнгөрсөн амьдралтайгаа зууралдаад байгаа юм уу? Амьдрал гэж юу юм бэ? Намайг төрөхөөс өмнө байсан, намайг байхгүй болсон ч хязгааргүй үргэлжилнэ. Би амьд сэрүүн байхдаа энэ тухай ер бодож байсангүй. Хоёр нарны хооронд гэрэлт цох шиг ажилладаг л байлаа.

Би аз жаргалтай байжээ. Тиймээ, аз жаргалтай гэж хэлж болохоор байснаа одоо л ойлгож байна. Би манай Султаны урлангийн урдаа барьдаг сайн ном чимэглэгч зураач байв. Хэн ч ур чадвараараа намайг гүйцдэггүй байсан. Мөн сард ажлын зав чөлөөгөөр есөн зуун мөнгөн зоосны нэмэлт орлого олдог байв. Ийм амжилт мэдээж үхэл далласан жөтөөрхөл төрүүлнэ.

Урландаа би номын чимэг зураг угалз сэлтийг хариуцан гүйцэтгэнэ. Модны мөчир навч, сарнай болон бас бус өөр цэцэгс, шувууд хятад маягаар зурсан долгионтсон үүлс зэргийг жинхэнэ амьд юм шиг зурж номын хуудсыг хөвөөлнө. Хаантан бараа бологчид, хааны ордон, ордны хашаан дахь сэрүүвч, анчид, орооцолдон сүлжилдсэн мод бут, түүний нөмөрт хорогдсон гөрөөс, хүлэг сайхан морьдыг бас зурдаг байв. Залуу байхдаа таваг хээлэх, авдар сав нүүрлэж гоёох, толь жаазлах ажил хийж байсан. Босфор харшны тааз чимэглэсэн. Номын чимэглэлд Султан үнэ хөлс харамгүй хайрладаг тул би сүүлийн үед зөвхөн ном чимэглэх ажлаар дагнаж байв.

Одоо үхсэн хэдий ч мөнгө амьдралд өчүүхэн байр суурь эзэлдэг гэж хэлж чадахгүй юм байна. Амьд хүнд мөнгө ямар чухал болохыг үхсэн хүн ч ойлгодог. Амьд сэрүүн байхдаа хичнээн мөнгө олдог байсан чинь хэнд сонин юм? гэж миний дуу хоолойг эндээс сонсоод бодож буйг тань тааварлаж байна. Үхсэний дараа юу байдаг, сүнс хаана очдог, диваажин там гэж ямаршуу юм? Үхэл гэж юу юм? Бие сэтгэл өвдөж зовох юм уу? гээд тэнд юу харснаа яривал дээргүй юу? Таны зөвөө. Амьтай болгон үхсэний дараа юу болдог талаар ихээхэн сониучирхдаг. Үхээд сэхсэн хүнтэй учирч Нөгөө ертөнцийн нууцыг сонсох гэж дайн болсон талд нас барсан хүмүүсийн дундуур зориуд хэсүүчилдэг байсан хүний тухай сонсож байсан. Доголон Төмөрийн цэргүүд тэр сониуч этгээдийг дайсан гэж бодоод сэлмээр тэхий голоор нь цавчсан гэдэг. Сониуч хүн Дараах ертөнцөд хүн хоёр хэсэг болон хуваагддаг хэмээн бодсон буй заа.

Утгагүй балай юм. Харин ч эсрэгээр газар дэлхийд амьд байхдаа хоёрдсон сэтгэл энд харин нэгддэг гэж хэлмээр байна. Чөтгөр шуламд ховслогдон шүтлэгээ гээгсэд, бурхан шүтээнээ бузарлагсад, буруу номтнууд бүгд үгүйсгэдэг Нөгөө ертөнц гээч чинь Бурхны авралаар харин ч байдаг юм байна. Тэндээс та нартаа хандаж байгаа миний энэ яриа үүний нэг баталгаа. Энд харин Их Коранд дүрсэлдэг алт мөнгөн орд харш, далбагар навчис бүхий мод, боловсорч гүйцсэн жимс, гоо үзэсгэлэнт онгон охид харагдаагүй гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Диваажин ямар байдаг тухай дүрсэлсэн Кораны бүлгийг олонтой шимтэн зурдаг байснаа санаж байна.Коранд ч билүү, агуу мөрөөдөгч Ибн аль-Араби-н зохиолд ч билүү гардаг сүүн, дарсан, зөгийн балан, тансаг амтат усан дөрвөн голыг бас л олж хараагүй. Гэхдээ мөрөөдлөөрөө амьдардаг, Нөгөө ертөнц байдагт итгэдэг хүмүүсйн сэтгэлийг гонсойлгох гээгүй байна. Нас нөгчсний дараа амьдралын талаар өчүүхэн ч болов ойлголттой аливаа сүсэгтэн над шигээр амь алдаж, ийм байдалд орсон тохиолдолд диваажины голыг олж харах боломжгүй болох нь мэдээж.

Товчдоо:нэрт зураач Гоёмсог Зариф-Эфенди бибээр нас нөгчсөн боловч, биеийг минь оршуулаагүй тул сүнс минь биеэ орхиогүй байгаад хамаг учир байгаа юм. Энэ ерийн бус байдал намайг их зовоож байна. Худгийн хүйтэн усанд унаж бэртэж зэрэмдэглэсэн бие, хагарч бяцарсан толгойн өвчинг мэдэрч зовоод байгаа юм биш. Миний сэтгэл өвдөж байна. Биеэсээ хараахан салж амжаагүй сүнс маань тарчилж байна. Сүнстэй минь цуг бүхий л хорвоо өвдөж атиралдан шаналж байх шиг.

Үүнийг үхэл ирсэн тэр агшинд мэдэрсэн тэр жигтэй мэдрэмжтэй л харьцуулж болом. Олиггүй новш гэнэт толгойг минь чулуугаар хага цохиход л намайг алах нь гэдгийг ойлгосон. Ажил гэрийн хооронд хөлхөж амьд явахдаа амьдралд ямар хайртай болохоо мэддэггүй байв. Ер нь урьд өмнө амьдралд хайртай эсэхээ бодож ч байсангүй. Би үхэх дургүй байлаа. Амьд үлдэх гэж гар хөлөөрөө, хумс хуруугаараа аль байдгаараа амьдралтай зууралдаж байв. Тэр ч бүү хэл алуурчинг хазаад авсан. Тэр миний толгойг хага цохиход ямар их өвдсөн тухай дэлгэрэнгүй нуршиж таныг чилээхээ болъёо.

Амь тавих гэж тарчилж, за одоо л үхэх нь гэх мөчид гэнэт нэг их уужраад явчих болов. Хорвоог орхих мөч зөөлөн эервүү байв. Алуурчны шавар болсон гутал миний үзэж харсан сүүлчийн юм байлаа. Би нүдээ аниад унтчих шиг болсон нь одоо байгаа Нөгөө ертөнцөд очсон хэрэг.

Үйрсэн шүд маань цайруулсан самар шиг цус дүүрсэн аманд минь чихцэлдэж, нүүр царай маань танигдах эрхгүй болсон, худгийн ёроол дахь цогцос минь хаягдсан энэ тэр гэж гомдоллох гээгүй, гагцхүү намайг өдий болтол амьд гэж тооцож байгаа нь тэсэхүйеэ бэрх байна. Манайхан намайг ажил төрлөөр эсвэл элдэв хүүхэнтэй орооцолдоод Станбулд саатсан байх гэж өөрсдийгөө тайвшруулж байгаа даа гэж бодохоос сэтгэл минь улам тарчилж байна. Боллоо, ханалаа! Хурдхан цогцосыг минь олж, хойдохыг минь уншуулж намайг ном ёсоор нь оршуулаасай билээ. Хамгийн гол нь намайг алсан алуурчинг олж илрүүлээсэй! Миний биеийг олж хамгийн нэр хүндтэй газар оршуулаач, алуурчинг олоогүй цагт цогцос минь авсан дотроо тавгүйтэн хөрвөөх болно. Адгийн новш муу алуурчинг олоод өгөөч, тэгвэл би Нөгөө ертөнцөд үзсэн харснаа ярьж өгөмз! Алуурчинг олоод эрүү шүүлтийн дартаст ясыг нь хэмхэл, цээжний ясны бяцрах чимээг нь сонс, ёолуулж байгаад тостой балиар үсийг нь нэг нэгээр зулгаа, хуйхыг нь цавчиж ав.

Намайг алсан энэ алуурчин хэн бэ? Яагаад алах болов, юуны учир ийм сонин аргаар алах болов гэдгийг магадлан учрыг нь ол. Хорвоо ертөнцөд гэмт хэрэгтэн алуурчин зөндөө. Нэгэнт үхсэн байхад алуурчин нь хэн ч байсан ялгаа юу гэж та хэлнэ байх. Энэ аллагын цаана манай шашинд, манай уламжлалд аюултай зүйл нуугдаж байгаа шүү гэдгийг танд зориуд сэрэмжлүүлэн анхааруулмаар байна. Нүдээ нээ. Хэрвээ та амьдралд итгэдэг бол, лалын шашинд итгэдэг бол лалын дайснууд яагаад намайг устгах болов гэдгийг тунгаан бодоорой. Үнэн учрыг ол, таныг ч алж болзошгүй. Миний нулимс мэлмэрүүлэн уярч сонсдог байсан Эрзурумын их номлогч Нусрет-ходжагийн лүндэн дараа дараагаараа нэг бүрчлэн биелэх нь. Хэрвээ бидэнтэй учирч буй бүх зүйлийн тухай ном бүтээгдвэл ямар ч зураач бүр хамгаас авъяас төгөлдөр зураач Ариун Кораны жишгээр уг номын тайлбар зураг хийж чадахгүй байх. Намайг зөв ойлгоорой.

Чухам тайлбар зураг хийх боломжгүйд л тийм номны үлэмж их хүч орших бус уу. Та үүнийг бүрэн төгс ойлгож байна гэдэгт эргэлзэж байна. Намайг сонс доо. Би бага залуу байхдаа өөр ертөнцийн гүнээс сонсогдох дуунаас маш их айдаг байлаа. Тиймээс ийм юмыг үл тоомсорлогч болж элэглэдэг байв. Гэтэл одоо гутамшигтайгаар худгийн ёроолд нас барав. Сонор сэрэмжтэй бай, тантай ч ийм юм тохиож болох шүү. Бие минь үжиж өмхрөн ялзарахад, тэсэхийн аргагүй өмхий үнэрээр нь намайг олж, намайг алсан алуурчинг бас олж эрүү шүүлтээр тамлаасай гэж хүлээх л үлдэж.


Хоёрдугаар бүлэг

Намайг Хар гэдэг

Арван хоёр жил хэсүүчлэн бидэрсний эцэст төрж өссөн Стамбул хотдоо эргэж ирэв. Үхэл нь ойртсон хүнийг төрсөн газар шороо нь дууддаг гэдэг. Стамбул руу намайг үхэл дуудсан гэж хэлж болох талтай, үхлийн л тухай бодсоор энд иртэл хотын дурсамж адил бүдгэрсэн аль эртний унаган дурлалтайгаа учирсан. Арван хоёр жилийн өмнө нагацынхаа охинд үхэн хатан дурласан.

Станбулаас гарсаар Персийн уудам тал, цаст уулс, дүнсгэр хотын хооронд захиа шуудан хүргэх, татвар хураах зэргээр хэрэн тэнэж явахдаа дөрвөн жил орчмын дараа дурласан охиныхоо дүр төрхийг төсөөлж чадахаа больж буйгаа анзаарсан. Санах гэж яаж ч хүчлээд тогтмол харахгүй, уулзаж учрахгүй нүүр царай хичнээн хайртай байсан ч аажим аажмаар мартагддаг гэдэгтэй эвлэрсэн. Зургаан жил өнгөрөхөд бодол мөрөөдөлдөө ургуулан төсөөлсөн тэр нэг төрх Стамбулын хайртын минь царай биш гэдгийг мэдэж байв. Энэ шинэ төрхөө найм дахь жилдээ бүр мартаж, сүүлд нэг мэдэхэд шал ондоо төсөөлөлтэй болсон. Арван хоёр жмлийн дараа гучин зургаан настайдаа хотод эргэж ирэхдээ хайртын минь нүүр царай бүрмөсөн мартагдсан гэдэгт сэтгэл эмзэглэж байлаа.

Энэ арван хоёр жилд миний олон нөхөд, хамаатан садан, айл хамрын улс нас барсан байлаа. Оршуулгын газар очиж ээжийнхээ шарилыг эргэх ялдамд ээждээ болон миний эзгүйд үхэж үрэгдсэн хамаатан садан болон бусад хүмүүст зориулж ном уншлаа. Наанги шавартай шорооны үнэр олон дурсамж сэдрээв. Хэн нэгний булшны захад байх хагалсан ваарны хэлтэрхийг хараад би яагаад ч юм уйлж гарав. Талийгчдаа гашуудаж байв уу, өөрийгөө өрөвдөж байв уу хэлж чадахгүй: өчнөөн жилийн дараа азаар амьд үлдсэндээ баярласан уу, ямар нэг жигтэй сонин байдлаар амьдралын төгсгөлийг мэдэрсэн үү ёстой бүү мэд. Зөөлөн цас хаялж байлаа. Цасан ширхэг агаарт бужигнахыг хараад амьдрал өөрөө хувь заяаны хувирлаар дүүрэн гэж бодож байхдаа хүүрийн газрын хар нохой намайг ширтэж байгааг анзаарсангүй.

Нулимс минь татрав. Хамраа нэг шудраад үүд зүглэв. Хар нохой сүүлээ найрсагаар шарван намайг тэндээс үдэхийг харав. Урд аавын талын хамаатнууд сууж байсан дүүрэгт очиж хөлсний байр түрээслэв. Байрны эзэн авгай миний хоол ундыг хийж, өрөө цэвэрлэж байхаар болов. Персийн Сефевидийн цэргүүдэд алагдсан хүүтэй нь би төстэй санагджээ.

Стамбулын гудамжаар олон цагаар сэтгэл хангалуун алхалж байхдаа төрлөх хот минь дэлхий нөгөө талд буй алс холын араб хот мэт санагдаж байв. Гудамж нь нарийхан болчихож, эсвэл надад тэгэж санагдаж байв уу. Заримдаа байшингийн хана хаалганд уусаж шингэх нь холгүй наалдан зогсож морин тэрэг өнгөрөөмөөр хоорондоо нийлэх шахсан тийм нарийн гудамж байна. Нэг гудамжинд омголон морь хөлөглөсөн тансаг сүйх таарав. Би ийм гоё сүйх тэрэг Арав, Персийн аль ч нутагт хараагүй. Чемберлиташийн чулуун баганы хавьд хогон дотроос гарсан юм шиг халтар, тахианы гэдэс дотрын хаягдал шиг ой гутам өмхий үнэртэй хоёр гуйлагчин байсан. Тэдний нэг нь сохор агаад нүдгүй ухархайгаараа зөөлөн шившэн унах цасыг харж байх шиг инээмсэглэн сууж байв.

Хуучин Стамбул жижиг байсан, ядуу байсан. Гэхдээ арай л аз жаргалтай байсан шиг санагдана. Туулайн бөөр, далдуу модны сүүдэрт байсан миний хайртын байшин яг хуучин газраа байсан ч одоо тэнд огт танихгүй өөр улс амьдарч байлаа. Миний нагац эгч болох хайрт бүсгүйн минь ээж өөд болсон, хүргэн ах маань охиноо аваад өөр дүүрэгт нүүсэн гэж оршин суугчид хэлж өгөв. Тэдний энэ яриа миний зүрхийг хэрхэн шархлуулж байсныг тэд яахан мэдэх билээ. Энэ байрны ногоон цэцэрлэгт өнгөрөөсөн дулаан өдрийг дурсаад харвал далдуу модноос чигчий хуруун чинээ мөс унжиж, цас мөсөнд дарагдсан эл цэцэрлэг үхлээс өөр юу ч санагдууламгүй байв.

Нагац эгчийн нөхөр Эниште надад Тебриз руу илгээсэн захидлаас манай хамаатан саданд ямар гай зовлон учирсныг мэдэж байсан. Хүргэн ах намайг Султанд зориулан бүтээж буй ном миний тусламж хэрэгтэй байгаа тул намайг Станбулд ирэхийг хүссэн бөлгөө. Намайг Тебризд Османы паша, тэр нутгийн болон Станбулын ихэс дээдсийн захиалгаар ном бүтээх ажил эрхэлж байсныг хүргэн ах дуулжээ. Би номын захиалга авахдаа мөнгөн төлбөр урьдчилан авдаг байв. Би Казвин зэрэг Персийн баруун хойд болон бусад хот руу хараахан дүрвэж амжаагүй Османы цэрэг, дайны хөлд нэрвэгдэж мөнгөгүй болсон, ганцаардсан нэрт урчуудыг хайж олоод тэднээр номын зураг чимэглэл хийлгэх, эх бичиг бэлдүүлэх, номын хуудсуудыг нуруулж наах ажлыг хийлгэдэг байсан юм. Миний бага залууд хүргэн ах минь номд дуртай болгоогүй бол би ном бүтээх ажил хэзээ ч хийхгүй байсан.

Эниште ахынх нэг үе амьдарч байсан гудамжны эцэс дэх захын ойролцоох үсчинг оллоо. Толь, сахлын хутга, устай сав, саван сойз яг л хуучнаараа угтав. Үсчинтэй харц мөргөлдсөн ч тэр намайг таньсан гэдэгт итгэхгүй байна. Үс угаах устай домбо таазнаас аанай л өлгөөтэй байхыг харахад хөгжилтэй. Залуу багадаа тэртээ арван хоёр жилийн өмнө жирийлгэх дуртай байсан зарим дүүрэг түймэрт бүгд шатаж, үнс давирхайтай туурь л үлджээ. Түүгээр золбин ноход хүүхэд айлган давхилдана. Харин зарим газар венецийн уран хийцийн өнгөт шилэн цонх бүхий хоёр давхар гайхам тансаг байшин сүндэрлэн боссон нь хэн хүний анхаарлыг татна.

Стамбулд бусад хотын нэгэн адил мөнгөний ханш унасан байлаа. Намайг Дорно зүг явах үед дөрвөн зуун дирхем жинтэй том талх нэг мөнгөн зоос байсан бол, одоо энэ үнээр тал талх л авдаг болж, талхны амт ч миний хүүхэд үеийн талхыг гүйцэхээ больжээ. Талийгч ээж минь арван хоёр ширхэг өндөг гурван мөнгөн зоосны үнэтэй болсныг үзсэн бол эндээс холдож нүүе гэхсэн. Мөнгө хааяагүй үнэгүйдсэнийг бол би мэднэ. Фламанд, Венецийн худалдааны усан онгоц хольцоотой хуурамч алтан зоос авдар авдраар оруулж ирсэн. Урьд цагт төрийн дарх зоосны газарт таван зуун зоосыг зуун дирхем цалин цагаан мөнгөөр цутгадаг байсан бол Персүүдтэй хийсэн эцэс төгсгөлгүй дайны улмаас одоо найман зуун зоосыг тэр хэмжээний мөнгөөр цутгадаг болоод байлаа. Тиймээс Янычарууд усан онгоцны зогсоолд асгараад усанд хөвөх хуурай шош мэт үнэгүйдсэн зоос цалиндаа авсандаа эгдүүцэн хамгаалах ёстой Султаны ордонг дайсны хэрэм мэт бүслэн авч эсэргүүцэн боссон билээ.

Үнийн хөөрөгдөл, садар самуун, гэмт хэрэг дээрэм газар авсан тэр үед Нусрет гэдэг номлогч өөрийгөө суут их багш Мухамедын удмын хүн хэмээн зарлан, Баязид мечетэд номлол уншиж эхэлжээ. Мянга мянган хүний амь авч одсон Стамбул хотын Бакчекэпт Казанжилар зэрэг дүүрэгт гарсан их түймэр, Персүүдтэй хийсэн дайнд тоо томшгүй олон хүн амь үрэгдсэн, Оттаманы эзэнт гүрний өрнөд хязгаар дахь хэрэм цайзанд гарсан загалмайтныхны бослого Их Кораны сургааль, дэг жаягийг эргэн харж, буурчийн газар хөгжим тоглох, дарсны мухлаг ажиллуулахыг зөвшөөрөх зэргээр загалмайтны шашинтанд хүлээцтэй хандахад хүргэсэн байна. Арслангийн дүрс барласан хуурамч мөнгөн зоос-дукат, мөнгөний орц нь буурсаар байгаа Оттоманы мөнгөн зоос зах зээлээр дүүрч байгаа лугаа нэгэн адил черкес, абхаз, хятад (mingarians), босни, гурж, армян зэрэг харийнхан гудамж талбайгаар дүүрч үнэмлэхүйн доройтол ялзралд биднийг татан оруулж буйгаас гарах бэрх боллоо. Кофе цайны газарт элдвийн өөдгүй шаарууд, самуун дэгдээгчид цугларан бусдыг өөрсдийн сүсэгт урвуулахаар өдөржин нар шингэтэл сууцгааж; сэжиг бүхий гуйранчид, галзуу солиотой хар тамхичид, хуулиар хориотой Календери урсгалын тэнэмэл бадарчид бүгд таарсан эр хүүхэд бүртэй болон бие биетэйгээ бандилдан хурьцаж, хэрцгий завхайрдаг атлаа Аллахын ариун замд орох минь хэмээн хөгжмийн аялгуунд шөнөжин бүжиглэж, өөрсдийгөө шороор хатгах мэтээр элдэвлэдэг тухай Эрзурумын номлогч ярьсан гэж давсалсан ногооны наймаачин надад хөөрсөн.

Пийпаа хөгжмийн уянгалаг ая миний анхаарлыг татсан уу, эсвэл сэтгэл санаа минь ногооны наймаачны хорсолтой яриаг үргэлжлүүлэн сонсох тэвчээр барагдсан уу хөгжимд татагдаж, энэ ярианаас нэг салав.

40 comments:

Anonymous said...

sain uu Gangaa..iim urt zuil bichseniig haraad neg unshih gej zalxuursnaa...orchuulga gej xaraad..sonirxood unshij exleed ..bygdiig duusgalaa..he he..

Istanbuliin amidraliig nudend xaragdtal saihan durseljee..... aguu xymyys ixevchlen zuiliig bgaagaar ni engiin saihan durselj chaddagt nuuts ni bdag bx gej bi boddog..tiim sanagdlaa..


Xamgiin ix gaihuulj bishruulsen zuil gevel..chinii orchuulga....

ugnii songomj..mon yamar chadvartai orchuulsniig chini bishirlee.. ..ooriin erxgui xyndlex setgel torloo he he .... :-)

Anonymous said...

Та үүнийг чухам ямар хэлнээс орчуулаваа? Ингээд Ганга эгч маань орчуулга гэдэг их улаачийн ажилд эргэлт буцалтгүй оровоо хө. Үнэхээр маш энгийн үгээр гаргаж иржээ. Бодвол орчуулгын мастерууд нэгийг хэлэх бизээ

Pearle Deppsu said...

Та ёстой гайхалтай орчуулж. тэгээд ч энэ ном бас их сонирхолтой юм. таныг бусад бүлгүүдийг нь орчуулаад бичлэг болгон нийтлэнэ гэдэгт итгэлтэй байна. тэсэн ядан хүлээж байя

дахин хэлэхэд та үнэхээр сайн орчуулж
үнэхээр их баярлалаа

naranbaa said...

sain baina uu? tanitai xerxen yaaj xolbogdox we? naranbatus@yahoo.com

Anonymous said...

Хэ хэ, "Миний нэр Улаан" гэхээр нь шууд л одоо Ерөнхийлөгчийн сонгууль дөхөж байгаа юм байна даа, энэ Улааныг яанам бэ гэж бодогдлоо шүү, хэ хэ.
Сайхан номын тухай маш сайн мэдээлэл өгсөнд баярлалаа. энэ номыг нэг уншихсан гээд л бодоод явсан юм. Одоо уншилтгүй болчихшиг болов.
Зүүдчин

БЭ said...

° · · ˚ ˚ ˛ ˚ ˛
° ° ˚ ˛ · ˚ ˚ ˛
★MERRY★ · ˚ ˚ ˛ ˚ ˛ · ·
CHRISTMAS ° ° ˛ ˚ ˛
_Π____ ˚ ˚ ˛ ˚ ˛ ·˛ ·˚
/_____/ \ ˚ ˚ ˛ ˚ ˛ ·˛ ·˚
| 田田|門| ˚ ˛ ˚ ˛ ·
Merry Christmas and a Happy New Year ˚ ˚

Ганга эгчдээ зул сарын баярын мэнд!

Дашдэмбэрэлийн Aнхзаяа said...

Би Туркэд байдаг хэрнээ энэхүү Орхан Памукын "Миний нэр Улаан" зохиолыг олж уншаагүй өдий хүрчээ. Орчуулга янзтай. Миний нэр Улааныг олж уншихаар эргэлт буцалтгүй шийдлээ кк.
Эништэ (Enişte) гэдэг чинь хүргэн ах гэсэн үг ш дээ нээрээ..

ganga said...

Алтайн уулс: Баярлалааь анхны оролдлого болохоор өөртөө итгэлгүй байлаа.
Бум: Түрк хэлээр автобусны буудлыг "дурак" гэдэг гэсэн ганц үгтэй.Турк хэлнээ зарим санааг чухам ямар байгаа бол гэж бодох үе гарч байсан. Англиас орчуулсан ухаантай. Их энгийн болсон бол миний монгол хэлний үгийн сан тиймхэн юм болов уу.
Депсү: Тийм ном нь их сонирхолтой.
Наран: За.
Зүүдчин: Ажаа нь улс төрөөс ангид шүү, хэ хэ.
Анхзаяа: Турк эхийг нь уншаад санаа оноогоо хэлээрэй.

Anonymous said...

ямар мундаг юм бэ, үнэхээр сайхан орчуулсан байна, зохиол нь сонирхолтой юм. Өөр хэлнээс орчуулга хийхэд хэлэх гэсэн санааг нь монгол хэлэндээ дүйцүүлж гаргах их хэцүү, хоёр хэлний найруулга зүйг сайн мэддэг байж хийнэ. Ганга минь баяр хүргэе,

Anonymous said...

Гангаа, би яг одоо Орхан Памукийн энэ номыг чех хэлээр уншиж байгаа. Тийм болохоор их сонин санагдлаа. Саяхан Истанбул яваад энэ хот их таалагдасаныг хэлэх үү. Уншихаар зарим нэр ус, гудамж яг нүдэнд харагдаад таньдаг хүн шиг санагдахаар бас гоё юмаа

Мика /美香/ said...

Үнэхээр гайхалтай. Орчуулга дээр бол хэлэх ч үг алга. Дуустал нь уншлаа. Одоо харин дараагийн хэсгийг нь хүлээмээр байна. Та энэ номоо монголоор орчуулаад худалдаанд гаргавал зүгээр юм бишүү? Олон хүн авах байхдаа. Надад лав үнэхээр сонирхолтой санагдлаа.

БЭ said...

2008 ony shildeg Blogchin boljee, bayar hurgey, yostoi nudee olson shiidver garsand bayarlaal suuj baina, 2009 ondoo bas ihiig bichin unshigch byadniihaa melmiig bayasgaj yavaarai.

ganga said...

Altargana:Utgiig ni l gargahiig hicheesen. Bayarlalaa.
Enche: Czech orchuulgii ni unshaagui. Oros angli hoyoriig unshaad, baga saga nuans deer yalgaa garaad baihaar Nobel avahad angli ni bodvol barimtalsan baih geed neg heliig barisan.
Mika: Orchuulgaa urgeljluulehiig bodnoo.
Boljgono: Bayarlalaa, sonin medee duulgasand.

Soronzon said...

2008 оны шилдэг блогчин болсонд тань баяр хүргэе.
Аливаа шагнал урамшил эзнээ олоход олон түмэн баярлан бахдаж суудаг нь зүйн хэрэг. Шалгаруулалт үнэн шударга явагдлаа гэж би бас баярлан хөөрч суунаа.
Ирэх жил судалгаа шинжилгээний ажлаа орчуулгатайгаа хамтатган хос морьтой хийморьтой хурдлахыг хүсэхийн зэрэгцээ
Блог ертөнцөд босоо аварга байхын
ерөөл өргөе өө!

Arsun said...

Шилдэг болсонд баярлаж байнаа. Танд Шинэ жилийн мэнд хүргэе.

Anonymous said...

Shine jiliin mend hurgeye Ganga egchee. Pamuh uneheer gaihaltai... Bayarlalaa. Uran buteeliin amjilt huseye. Shildeg blogchin gedgiig chini bi huneer heluuleltgui medeh hedii ch Gambaadaa bayarlalaa gedgee bas heleye ee. Saihan bnaa...

Дeстини said...

Шууд л зохиолыг нь уншмаар санагдлаа. Танд аз жаргал сайн сайхныг хүсэхийн ялдамд шинэ ондоо оюунлаг бүтээлээрээ бид бүхнийгээ улам их мялаагаарай гэж хүсье.

Оогий said...

Шинэ оны мэнд

Оогий said...

Сайхан орчуулсан байнаа. энэ номыг заавал олж уншинаа. Бас шилдэг болсонд баяр хүргэе. сайхан мэдээ байна.

Anonymous said...

Будар будар цасанд
Буурал дэлхий цав цайж
Болор жүнзэнд оргилуун дарс дэвэрч
Баяр баярын дээд шинэ жил ирлээ!
Шинэ эрч хүч, аз жаргалыг хүсэн ерөөе!

Зүүдний тэмдэглэл said...

Shine onii mend egee, sain uu.

3apaa said...

Ганга эгчдээ шинэ жилийн баярын мэнд хүргэе! Сайхан баярлаарай! Та шоо гсн :P

Жаагий said...

Шинэ оны мэндийг уламжилья бас дээрээс нь шилдгээр шалгарсанд баяр хүргэе!

sanakae said...

Хамгийн хүчтэй блогчин Ганга эгчдээ шинэ оны мэнд хүргэе.
Ирэх онд улам ихийг бичээрэй.
За дараа жил эргэж орж ирнээ.

erkhembayar said...

Ganga maani shildeg blogchin bolson yum uu. Bayar hurgey. Uneheer eznee olson shagnal baina. Ene orchuulga chin uneheer saihan boljee. Mongol heliig togs ezemshih gej uuniig l heleh baih. Uneheer baharhuushtai.

Ene yaldamd shine onii mend hurgey!

Х.БАТТØР said...

За танд ч мөн баярын мэнд хүргэе! Баяраа сайхан тэмдэглээрэй!

Anonymous said...

Шинэ оын баярын мэнд хүргэе...Ирэх жилдээ улам их амжилтыг гаргаарай...
Болжмор

Unknown said...

Ганга эгчдээ Шинэ оны мэнд хүргэе!
Үргэлж танд баярлаж явдаг шүү. Ирэх ондоо ч мөн улам ихийг хийж бүтээгээрэй. Блогоо ч мөн хамтад нь авч явахаа мартуузай. Шинэ жил, Шинэ хүсэл дотоод сэтгэлийн ариусал, муу муухай бүхнийг ардаа орхиод шинээр төрөх дахин боломж. Танд аз жаргал хүсье!

Soronzon said...

Миний хүндэтгэж явдаг эрхэм хүн таньд шинэ оны мэнд хүргэхийн ялдамд ирэх 2009 онд олон сонин сайхан бичлэгээр бид бүхний хайр талархалыг дахин хүлээнэ гэдэгт итгэж байна.
Сайхан баярлаарай!

Anonymous said...

Эрхэм хүндэт эгчдээ шинэ ондоо эрүүл энх аз жаргалтай байж, улам ихийг бичиж туурвиж, орчуулахыг хүсье ээ

ganga said...

Та бүгдэд шинэ жилийн мэнд хүргэе.

Д.Цэрэнбат said...

Tand moen shine ony bayaryn mend hurgeye. Irj bui on setgeld burdeh saihan buhen tani dadal bolon hevshih buteelch on baih boltugai!

Anonymous said...

Аниадаа Эхлэн буй шинэхэн оны халуун мэндийг хүргэе!!!

Өмнө тань угтан байгаа шинэ ондоо биднийг бишрүүлдэг жинтэй бүтээлүүдээ олныг бичээрэй, амтархан бас гайхан унших болноо.

Шинэ он танд минь болон таны гэр бүлд хайртай бүхэнд тань жаргал бэлэглэн айлчилах болтугай. Сайхан баярлаарай.

Өнөржаргал said...

Шинэ он Монголд маань айлчлаад 4-хөн цаг өнгөрч байна. Ганга эгчдээ шинэ оны чин сэтгэлийн баярын мэндийг дэвшүүлье!!! Ирж буй энэхүү 2009 ондоо эрүүл энх байж, гайхалтай бичлэгүүдээрээ уншигч биднийгээ үргэлж баясгаж байгаарай!

бж said...

Ganga egchdee shine onii mend hurgeye.
Tand bolon ger buld tani hamgiin sain saihan buhniig husen yeruue.

jagdag said...

Шинэ жилийн мэнд хүргэе!

Г.Ганбат said...

Танд болон таны таны гэр бүлд шинэ оны халуун мэндийг хүргье.

Soronzon said...

Танд Наваандоо гуайн Баясаа эгч шинэ оны мэнд хүргэснийг уламжилья.

XACAP said...

Ta gaihaltai saikhan orchuuljee!!

Anonymous said...

Travis Scott Air Jordan
kobe shoes
golden goose sale
off white
fear of god essentials
goyard bag
off white clothingoutlet
jordan shoes
fear of god
bape