Saturday, 10 May 2008

" Юан" нэрийн тайлал

Миний өмнө 2005 оны эрдэм шинжилгээний шилдэг номд шалгарсан Ц.Хандсүрэнгийн "Жужаны хаант улс ба түүхийн зарим асуудал" ном дэлгээтэй байна. Зохиогч Их Монгол улс байгуулагдсаны 800 жил, аав Цэндийн мэндэлсний 130 жилийн ойд зориулан 244 хуудас бүхий энэ бүтээлээ эмхэтгэн хэвлүүлжээ.

Эрдэм шинжилгээний бүтээл гэж чухам ийм л байх ёстой болов уу гэж би энэ номыг уншиж байхдаа бодсон. Жужан нарын гарал үүсэл, энэ үгийн тайлал, тэдний аж байдал зан заншил соёл, түүнчлэн Жужан аймаг хүчирхэн мандсан доройтон мөхсөн гээд ном нь өөрөө цомхон, ердөө тавин хэдхэн хуудастай. Түүхийн боловсролгүй хүн ч уншаад ойлгохоор энгийн товч тодорхой бичлэгтэй. Харин зуун тавиад хуудас бүхий "түүхийн эх сурвалж" хэмээх хавсралт нь уншихад амархан байсан эхний тавин хэдэн хуудасны бараг үг үсэг, ойлголт бүрийг нэгбүрчлэн тайлбарласан, номд ашигласан хятад япон голдуу түүхийн сурвалж бичгүүдийг монгол хэлнээ хөрвүүлэн тавьсан, хятад японоос гадна худам монгол түүхийн эх сурвалжид тулгуурлан түүхийн тухайн цаг үе мөчийн талаар нарийвчилсан тайлбар өгсөн номноосоо дутахгүй чухал мэдээлэл агуулсан "хатуухан самар" байв. Уран сэтгэмж арвинтай тааж бууддаг судлаачдын номноос ялгаатай, алхам бүрдээ эрдэм шинжилгээний баталгаа нотолгоотой, асуудал дэвшүүлсэн байв.

Түүхийн энэ томоохон бүтээлд мэргэжлийн түүхч биш бибээр үнэлгээ дүгнэлт өгч чадахгүйн учир, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсангийн Хайсандайн уг номд бичсэн өмнөтгөлөөс ишлэе:
"Профессор Цэндийн Хандсүрэн гуай бол Монголын түүх, дорнодахины судлалын нэртэй эрдэмтэн хүн. Тэрээр Монголын эртний түүхийн судалгаанд жинтэй хувь нэмэр оруулсан юм. Тухайлбал "Жужаны хаант улсын түүх"-ийг дагнан судалж, эрдэм шинжилгээний эргэлтэнд анхлан оруулсан бөгөөд тэрхүү зохиол нь Монголын түүхийн ботиудад бие даасан бүлэг болон удаа дараа хэвлэгдсэн. Мөн Монголын ба гадаадын эрдэм шинжилгээний хэд хэдэн сэтгүүл, цувралд хэсэгчлэн нийтлэгдэж байв.
Түүх судлалын хувьд цоо шинээр бичигдсэн, эрдэм шинжилгээний хувьд үнэ цэнэтэй энэхүү бүтээл нь Монголын ба гадаадын эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж буйн дээр аль хэдийнээ залуу түүхч, их дээд, дунд сургуулийн багш,оюутан, сурагч нарын гарын авлага, ширээний ном нэгэнт болсон авч одоо олдохгүй, эрэл сурал болж, маш ховор "эдийн" тоонд орчихоод байсан "цагаан толбыг" арилгаж, эрдмийн хүрээнийхний хүсэн хүлээж буйг харгалзан өргөн олон нийтийн хүртээл болгохоор уг бүтээлийг нийтэлж байна. Болгоон соёрхоно уу.
Энэ ялдамд нэгэн зүйлийг онцолж хэлэхэд профессор Ц.Хандсүрэн туурвисан "Өвөр Монголын Өөртөө Засах Орон" хамтын бүтээлийн 1911-1947 оны хэсгийг, "Түвд орон, түүний байдал төлөв", "Дагуурын зан заншил", "Япон орон" зэрэг олон арван бүтээл дурдаж болно. Үүний хамт хятад, япон эрдэмтдийн 10 шахам бүтээлийг монгол хэлнээ хөрвүүлж нийтийн хүртээл болгожээ. Түүнчлэн өөрийн эцэг Цэнд гүний орчуулсан "Монголын Нууц Товчоо"-г улам нягтлан боловсруулж, эрдэм шинжилгээний тайлбар хийн хавсаргаж "Цэнд гүн ба Монголын Нууц Товчоо" хэмээх хоёр ботийг эрхлэн хэвлүүлсэн байна." гэсэн байдаг.

Номын сүүлийн хэсэгт "Ноён уул дахь Хүннүгийн булшнаас олдсон аяаганы бичээсийг уншсан нь", Хөгшин Тээлийн хөшөөний бичээсийг унших нь", "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь", "Жужаны нийслэл Мумо-Чэн буюу Мөөм толгой хотын тухай" гэх зэрэг эрдэм шинжилгээний өгүүлэлүүд оржээ.

Уншигч танд энэ түүхчийн тухай өөрөө дүгнэх боломж олгохын тулд "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь" өгүүллэгийн хэсгийг сийрүүлэн үзүүлсү:
"...Хятадын түүхч Чэн Шү "Юан" үсгийн гол утгыг "хар татаарын "хар" буюу "хөх монголын "хөх" гэснийг төсөөлсөн үг болно. гэжээ.

Энэ талаар эрдэмтэн Л.Жамсран "Юан" гэдгийг язгуур хэмээх утгаар нь тайлбарлаад язгуурын монгол улс гэдэг утга агуулдаг гэжээ.

Энд нэмж хэлэхэд "Юан" үсгийн эртний тайлбараар бол "тэргүүн" гэдэг утгыг бас агуулдаг юм. Учир нь тэргүүн нь хүний бие цогцосын хамгийн дээд хэсэг болох тул хүний дээд хэсэг гэсэн утгатай болно.

Тиймээс монгол улс бусад олон улс аймгуудын тэргүүн улс болохыг илэрхийлэн ийнхүү нэрлэсэн байж болох юм. Мөн "юан" үсгийг "анх", "эх", "үүсвэр", "урт", "их" гэх мэт утгаар тайлбарлаж бас болно. Түүхч Чэн Шү-гийнхээр "хар", "хөх" өнгийг илэрхийлж болох талтай.
Дашрамд дурдахад "хар" гэдэг бол үнэнч шударга, журамтай гэдэг утга агуулдаг учир монголчууд эрт дээр үеэс хар өнгийг эрхэмлэдэг байсан. Хар өнгө бол монгол уламжлалаар хольцоогүй гэсэн утгатай. Жишээ нь: байгаль ертөнцийн хүчин зүйлсийг "төгс сайн хар" гэдэг. Мөн улс орондоо шудрага журамтай, засаг захиргааны ажлыг гүйцэтгэгчийг "төрийн хар хүн" гэнэ. Хань нөхрөө "хар хүн" гэдэг нь мөн л журамтай гэдэг утгаар тийнхүү нэрлэдэг ажээ.

Юан улсын тухай эртний тулгуур бичиг "юан-ши-д: Чжи юаны 8-р он (1271)-д түшмэлийн айлтгалаар, ..."Цао муцзы" хэмээх зохиолд "Их зурхайт" номоос "агуу их тэнгэрийн язгуур" хэмээх үгийг авч улсын цол болгожээ" гэж тэмдэглэсэн байдаг.

"Юан" хэмээх үсгийг монгол хүн өөрийнхөө сэтгэж байсан монгол үгийн утгаар нь хятад үсэгт тохируулан хөрвүүлээд түүнийгээ улсын нэр болгон тунхагласан хэрэг. Түүнээс биш нангиадын түүх сударт тэмдэглэсэнчлэн ордны нэгэн түшмэлийн дэвшүүлэн тавьсан билэг дэмбэрэл бүхий үсгийг шууд авч хэрэглэсэн хэрэг хараахан биш мэт санагдана. Учир нь байлдан дагуулж хүчирхэг байсан тухайн үеийн Монгол улсын төрийн уриа бол "Сайн амгалан болтугай" хэмээх үг байсан. Түүний "сайн" хэмээх үгийг нангиадын утга бичгээр хөрвүүлэн тэмдэглэхдээ "Юан" гэдэг үгийг сонгон авчээ. Тэгэхээр "юан" монголын "сайн", "өлзийтэй", "дэмбэрэлтэй" гэдэг утгыг бас агуулдаг.

Арга билгийн хувьсалын үндсэн зарчмаар ертөнцийг тайлбарладаг, м.э.ө зохиогдсон "зурхайт номын" шастир дахь "тэнгэрийн эрдэм" хэмээх бүлэгт "Юан хэмээгч сайны өнөд хөгжил болой" гэснээс үзэхэд "юан" үсэг нь хамгийн дээд "сайн" гэдэг утгаар томъёологдоно.
"Юан" гэдэг утга үсгийг задлан шинжилж үзье. Энэхүү утга үсэг, хоёр утга санаа бүхий зураасын гурван хэсгээс бүтсэн байдаг. Эхний зураас "арга", дараачийн зураас "бичиг", гурав дахь нь "хүний төрөлхийн мөн чанар" гэсэн утга агуулна. Үүнийг зурхайт номонд тайлбарлахдаа: "Арга билгүүнийг ёс хэмээмой. Түүнийг залгамжлагч бол сайн, түүнийг бүтээгч хүний төрөлхийн мөн чанарт оршино" гэжээ.

Хубилай хаан өөрөө бичгийн боловсролтой хүн байсан. Тийм учраас тэр үеийн монголчуудын зан заншил, хэв ёсны дагуу билэг дэмбэрэлтэй, "өлзийтэй сайн, урт удаан, мөнх билэгтэй" гэсэн утга агуулсан үсгийг нангиад хэлэнд орчуулаагүй. Харин тэр үеийн хятадын бичгийн хүмүүсийн ойлгож сэтгэдэг дөрвөн бичиг, таван номоос "Юан" гэдэг үгийг оноож авсан явдал бол хятад, монгол хоёр өөр соёлтой ард түмний хэн хэнд ойлгогдох үгээр төлөөлүүлэн "Юан" гэдэг үсгийг авч хэрэглэсэн байна.
Түүнийгээ ордны хятад түшмэдэд ойлгуулахдаа: "Зурхайт номын тэнгэрийн утгатай" хэмээхэд түшмэд даруй бүрнээ ойлгон бишрэн сэтгэхэд, Монголын түшмэд, ард олондоо түүнийг "өлзийтэй, билэг дэмбэрэлтэй сайн улс" гэсэн утгатай хэмээн ойлгуулахад мөн тийнхүү сэтгэн ойлгодог байсан гэж үзэж болно." гэжээ.

Ганц "Монголын эзэнт улсыг Юан хэмээн нэрлэх болсон нь" хэмээх богино өгүүлэлийг бичиж, "Юан" утга үсгийн тайлал хийхийн тулд холбогдох арваад эх сурвалж уншиж, бусад судлаачдын санаа оноотой харьцуулан шүүн нягталж өөрийн дүгнэлт санааг дэвшүүлэхдээ хичнээн их цаг хүч зарж, судалгааны ажилд хир няхуур нямбай ханддаг болох нь харагдаж байна.

Ц.Хандсүрэнгийн тухай үргэлжлэл бий


7 comments:

Дeстини said...

сүрхий юм аа, барьсан ажлаа яс тас хийж чадах. Монголд очихоор олж авья гэж бодвол хаанаас авч болох бол энэ бүтээлийг?

ganga said...

Интэр номын их дэлгүүрээс авч болно. Зохиогчоос нь гарын үсэгтэй авъя гэвэл хаяг, утас өгч чадна шүү.

Anonymous said...

Их гоё... залуу хүн болов уу, настай хүн болов уу?
Залуу гэвэл ийм иртэй залуус Монголд олон болж байна шүү. Настай гэвэл цөөрөх болоогүй гарвал сайтай сэхээтнүүдийн минь нэг санжээ...

ganga said...

Хөхтолбот андад, Ач гуч, үр хүүхдээ тойруулсан 85-тай сайхан ээж, эмээ дээ.

Түмэнбаярын Бум-Эрдэнэ said...

Хар гэдэг үгний тайлбар их таалагдлаа. Нээрээ л "тас хар" гээд хар өнгийг ямар ч эргэлзээгүй болгочихдог тал байдаг шүү. Над шиг үгний өлсгөлөнд орчихсон амьтанд хэрэгтэй эд бна. Ямарваа нэг юмыг барьж сэтгэлээсээ нухаж чадвал бүтээл болдогийг энэ хүний судалгааны ажил харуулж бна даа

ZAYA said...

"Юан" 元 утга нь үсэг, хоёр утга санаа бүхий зураасын гурван хэсгээс бүтсэн байдаг. Эхний зураас "арга", дараачийн зураас "бичиг", гурав дахь нь "хүний төрөлхийн мөн чанар" гэсэн утга агуулна...
Гайхамшигтай тайлбар байнаа.
Ц. Хандсүрэн багш одоо энх тунх сууж байгаа бизээ.
Том эрдэмтэн гэхэд даруу, сайхан хүн шүү. Би Япон хэл анх заалгуулж байсан.

Anonymous said...

bape
supreme clothing
yeezy
curry 9
supreme new york
yeezy
kd shoes
goyard
supreme
supreme new york