Tuesday, 13 May 2008

Нууц товчооны эргэн тойронд

Өмнөх бичлэгт, "Цэнд гүн ба Монголын нууц товчоо" хэмээх хоёр ботийг Ц.Хандсүрэн нягтлан боловсруулж, эрдэм шинжилгээний тайлбар хийн хавсаргаж эрхлэн хэвлүүлсэн тухай цухас дурдсан. Монголын Нууц Товчоо нь нэг талаас XIII зууны үед зохиогдсон, Монголын Их Улс мандах цаг үеийн чухал явдлуудыг үнэн мөнөөр бичсэн түүхийн хосгүй баримт бичиг, нөгөө талаас монгол ардын оюуны чадавхи авъяас билгийг илтгэсэн гайхамшигт уран зохиолын өв билээ. Мэдээж нүцгэн цөлд ганц ганган улиас ургахгүйн тул өөр өчнөөн олон түүх уран зохиолын үнэт зүйлсийн үлэмж хэсэг нүүдэл суудал, дайн байлдааны хөлд үрэгдэн алга болж, бидний үед Нууц товчоо, Гэсэр, Жангар зэрэг цөөн бүтээл л өв болон үлдсэн.

Монголын эртний зохиолын эдгээр гурван оргилоос Нууц товчоо нь уран яруу хэлээр тэр цагийн Монголын сайн сайхныг хэтэрхий дөвийлгөн магтахгүй, муу муухайг далдлан нуухгүй чухам үнэнээр бичсэнээрээ түүх, хэл судлал, зан заншил угсаатан зүй судлаач эрдэмтэд судлаачдын анхаарлыг зүй ёсоор татах энэ номын хятад үсгийн эх дөнгөж зуу гаран жилийн өмнө Европт танил болсныг хятадууд "нууц түүх" болгосонд байгаа гэж тайлжээ. "Энэ бичгийг Их хурал хуралдаж, хулгана жилийн долоон сард Хэрлэн голын Хөдөө арлын газраа бууж бүхийд бичиж дуусгабай" хэмээн тэмдэглэсэн байдаг. Энэ нь 1240 оны үе ба уг зохиолын эхний хэсгийг Чингис хааны үед бичиж, Өгөөдэй хааны үед үргэлжлүүлэн туурвисан бололтой. Гадагш тархахыг хуулиар хориглосон түүхийн сурвалж бичиг "Юан ши луцзи (Юань улсын түүх дэх умард харь үндэстний түүвэр) хэмээх зохиол улсын "алтан хоргонд" орж, хааны ордонд нууцлагдан хадгалагдах болжээ. "Монголын Нууц Товчоо" ийнхүү "нууц түүх" болсон учрыг Ц.Хандсүрэн эмхэтгэн гаргасан "Цэнд гүн ба Монголын Нууц Товчоо-2" номдоо өгүүлжээ.

Цааш нь: "Монголчууд Хятадаас гарч явсны дараа Мин улсын үед Сун Лянь зэрэг хүмүүс "Юань улсын түүхийг засамжлан бичих үед тэрхүү "нууц түүхийг" монгол хэл бичиг үл мэдэх учраас ашиглаж чадаагүй, хожим 1383 оны үед монгол үгнээс нангиад галигаар дуудлагыг хадах, утгыг хятад руу орчуулах зарлиг гарч гүйцэтгэсэн байна. Дараа нь Юн Лэ хааны (1403-1424) үед "нууц түүх"-ийг "Юань улсын нууц түүх" хэмээн нэрлээд 15 дэвтэр бүхий "Юн Лэ хааны их цаазын бичиг" болгосон түүхтэй. Энэ 15 дэвтэрт Цянь Дасин түшмэл бичсэн оршилд "..."Юань улсын нууц түүх" нь 12 дэвтэр бөгөөд Юань улсын үгээр бичсэн шаштир гэдгээр монголоор бичсэн бололтой.

Нөгөөтэйгүүр Мин улсын үеэс эхлэн "Юань улсын түүх"-ийг засамжлан бичих шалтгаанаар олон түшмэлийн гар дамжин, хувь хүний сан хөмрөгт орж бие биедээ дамжуулсаар үрэн таран болсон нь илт харагдаж байна. Тэр үед л анхны Юань улсын үгээр буюу монгол хэлээр бичигдсэн эх зохиол үрэгдэн гээгдсэн болов уу. Гэвч тухайн үеийн эрдэмтэн түшмэд басч гэж уул зохиолын үнэ цэнийг мэдэж удаа дараа гэрэлтүүлэн сийрүүлсээр эдүгээ олдоод байгаа Цянь Дасины оршил бүхий "Юань улсын нууц түүх" 15 дэвтэр, Гү Гуаньчи, Е Дэхүй нарын 12 дэвтэр бүхий хоёр хувилбар байх ажээ. Манайд тэдгээр эхийн аль нь ч байхгүй байв. 1908 онд Шарад отгийн Жамсрангийн Цэвээн агсан хятад газраас Е Дэхүйн барлуулсан 12 дэвтэр зохиолыг олж ирж агуу их гавьяа байгуулсан билээ. Тэр нь монгол үгийн аялгаар нангиад үсгээр галигласан эх байв. Энэ 12 дэвтэр нь номын гол хэсэг болох 282 зүйл, тэдгээр зүйл бүрийн ард хавсаргасан утгачилсан тайлбар болон Цянь Дасин, нэр үл мэдэгдэх хүн, Е Дэхүй, Чжан Му нарын дөрвөн хүний бичсэн оршил зэргээс бүрдэж байв." гэжээ.

Түүхч Ц.Хандсүрэнгийн эцэг Цэнд 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэлд идэвхтэй оролцож, Манлай ван Дамдинсүрэнгийн удирдсан цэрэгт багтан гамин цэргийг монгол нутгаас хөөх Долнуурын байлдаанд оролцсон гавьяа зүтгэлийг үнэлэн "Бодлогот баатар гүн" цолоор Богд Жавзандамба хутагт шагнасан байна. Хиагтын гурван этгээдийн бага хуралд Цэнд гүн оролцож байсан бөгөөд 1915 онд Богд хаант Монгол улсын Гадаад Яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байв. Цэнд гүн багаас гэрийн багшаар монгол, маж, хятад хэл заалгасан өндөр боловсролтой хүн байжээ.

Цэнд гүн Их хүрээнд Гадаад яамны дэд сайдаар ажиллаж байхдаа (1915-1917) албан ажлынхаа зав чөлөөгөөр Жамсрангийн Цэвээний хятад газраас олж авчирсан, хятад үсгээр бичигдсэн Е Дэхүй-н оршилтой 12 дэвтэр 282 зүйл Монголын Нууц Товчоог уйгаржин монгол хэлнээ хөрвүүлэн буулгасан байна. Олноо өргөгдсний долдугаар буюу 1917 оны намрын дунд сарын таванд орчуулах ажлаа өөрийн бичсэн оршил хамт дуусгажээ. Энэ орчуулгын эх бичмэл нь Санкт-Петербург дахь Дорно Дахины судлалын хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгөд хадгалагдаж байсныг Цэнд гүний охин түүхч Хандсүрэн 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор тэнд очиж цөөхөн хоног ажиллахдаа олж авсан түүхтэй. Цэнд гүний 1917 онд хөрвүүлсэн "Монголын нууц товчоо" нь ерөөс монгол хэлнээ хөрвүүлэгдсэн анхны эх гэдгийг цохон тэмдэглэх нь зүйтэй.

Уг бичмэл нь шаргалдуу өнгийн гялгар цаасан дээр бийрээр бичигдсэн, бүгд 316 тал хуудаснаас бүрдэх бөгөөд бараг хуудас бүхэнд нь засвар хийж, бичсэн үгээ балласан буюу цагираглан дарсан байх агаад зарим хуудасны дээд зайд "энэ үгийг дахин хянах хэрэгтэй" гэсэн тэмдэглэл онцгойлон хийсэн зэргээс үзвэл Цэнд гүний хөрвүүлгийн анхны гар ноорог байсан бололтой. Энэ гар бичмэлийг Цэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны тайж, Гадаад яамны эх зохиогч түшмэл Цэвэгсүрэн хуулбарлаж авчирсан хувь одоо Улсын Төв Номын Санд хадгалагдаж буй.

"Энэ зохиолын хуучин монгол үсгээр бичигдсэн эх одоо хүртэл олдоогүй. Гагцхүү хятад үсгээр монгол хэл дээр бичигдсэн эх, хятад газраас олджээ. Анх хятад үсгээр бичигдсэн буюу уйгар монгол үсгээр бичигдсэн алин болох нь тодорхойгүй. XIII зууны үед монголчууд хятад үсгийг хэрэглэж байсан мэдээ байх тул энэ зохиолыг шууд хятад үсгээр монгол хэл дээр зохиосон байж болох ба анх уйгар монгол хэлээр бичигдээд хожим хятад үсгээр сийрүүлж бичсэн нь олдсон ба харин монгол үсгээр зохиогдсон анхны эх нь алдагдсан байж болно. Юу ч болтугай уул монгол эх мөн гэж баримтламаар бичиг байхгүй тул одоог хүртэл хятад үсгийн эхийг гол болговол зохино. Нууц товчооны хятад үсгийн эх Европт мэдэгдсээр зуу шахам жил болов. Монголын нууц түүх гэдгийг Кафаров... хятад орчуулгаас орос хэлэн дээр орчуулаад 1866 онд нийтэлснээс хойш олон газрын эрдэмтний үзэх судлах замыг нээсэн. Германы Хэниш 1931 онд Ей Дэ-хуйн эхийг латин үсгээр сийрүүлэн бичиж, түүхэнд орсон үгний толийн хамт нийтэлжээ. Монгол газар олны уншихад зориулж хэвлэсэн нь одоо хүртэл үгүй. Гагцхүү байгаа нь Цэнд гүний орчуулсан эх" гэж Ц.Дамдинсүрэн хуучин монгол хэлнээс одоогийн монгол бичгийн хэлээр орчуулсан "Монголын нууц товчооны" удиртгалд бичсэн байдаг.

Ц.Хандсүрэн эцгийнхээ хөрвүүлсэн эхийг 1970 онд хальсанд буулган Монголд авчирсан боловч, улс төр үзэл суртал хийгээд хүнд суртлын элдэв саад бэрхшээлээс хэвлүүлж чадахгүй явсаар 27 жилийн дараа ном болгон олны хүртээл болгосон байна. 1997 онд гарсан "Цэнд гүн ба Монголын нууц товчооны-1" боть нь Хандсүрэнгийн кирил монголоор бичсэн оршил ба Цэнд гүний уйгаржин орчуулга. 2002 онд гарсан "Цэнд гүн ба Монголын нууц товчооны-2" бүхэлд нь кирил болгосон ботийг уйгаржин уншиж чадахгүй хүмүүст зориулж тус тус хэвлэн олны хүртээл болгосон байна.

Ц.Хандсүрэнгийн тухай үргэлжлэл бий

11 comments:

Зэлмэ said...

Өүлэн эхийн өнчин хөвгүүдийг ахыг нь алж, дүүг нь дүүжилж өгьё.
энийг Цэнд гүн орчуулсан уу, Дамдинсүрэн гуай орчуулсан уу гэсэн асуулт байна

Зэлмэ said...

дээр нэг санал блог дээр үлдээсэн байсан, ажилдаа дарагдаад хариу бичиж чадахгүй байсаар өнгөрлөө, тэгэж байгаад хариуг жинтэй өгнө гэж бодоод байгаа, та хэд наагуураа уулзаад бужигнуулаад л бай, би тэгэж байгаад нэмэгдэнэ ээ, монголд очвол ганга охинтой нэг уулзана аа.

ganga said...

Урианхайн дарханы хүү Зэлмэ-н шалгалтад өчүүхэн блогчин хариулсү: "Өүлэн эхийн өнчин хөвгүүдийг ахыг нь алж, дүүг нь дүүжилж өгьё" гэж Дамдинсүрэнгийн орчуулганд бий.
"Өүлэн эхийн хөвүүдийн ахыг алж, дүүг тайчмж өгсүгэй гэжүхүй" Цэнд гүний орчуулганд байнаа.

Зэлмэ баатрыг Монголд залрахад Ганга охин нь хөгшин Европт хөдөлмөрлөж байна даа.

ZAYA said...

Хандсүрэн багш Бээжингийн их сургуульд 1950-иад он суралцаж байхдаа Япон хэл үзэж, дараа ньсоц үеийн Дорно дахины судлалын хүрээлэнд олон жил судалгаа шинжилгээ хийсэн манайхны элит гаралтай хүмүүсийн нэг яах аргагүй мөн.
4, 5 жилийн өмнө нэг таарсан. Намайг сүрхий сайн таниж байсан шүү.

Зэлмэ said...

Кафаровын олсон хувилбарыг Цэнд гүн уйгаржин монгол хэл рүү орчуулаад, тэр орчуулгыг Ц.Дамдинсүрэн крилл монгол рүү орчуулсан гэж ойлгож явсан шдээ. Тэгсэн Цэнд гүний орчуулгын эх хятад эхтэй Цэвээн гэдэг хүний олсон эх гэх.
Ер нь болбол Цэнд гүний орчуулсан, Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан МНТ-г аль алийг нь гэртээ залж тавиад, харьцуулаад нууц товчооны нууцыг умшвал зүгээр юм байна даа.

Зэлмэ said...

Энэ ганга блог дээр дурдагдаж буй Хандсүрэн гуайн номнуудыг уншиж үзэх юмсан. Би жаахан түүх сонирхдог ухаантай, түүхийн ном эд нарт бол нугасгүй шүү. Тэр Цэнд гүн гэдэг их номч хүний үр хүүхэд амьд мэнд, бас аавыгаа дуурайсан их номч болсон гэж ёстой мэдээгүйшд. Ганга охин Хандсүрэн гуайг блогт уруу татаад, бас зарим бүтээлүүдийг рекламдах маягаар бага сага олны хүртээл болговол мань мэтийн ном худалдаж авах боломжгүй хүмүүст ай даа бас сайхаан сайхан.

ganga said...

Дамдинсүрэн гуай шүлэг найрганд гарамгай, хятад манж хэлэнд төдийлөн сайн бус болохоор Цэнд гүний уйгаржин орчуулга, Лувсанданзангийн Алтан товч, хятадаас латин, орос болгосон бас бус эхүүдийг харьцуулан кирил нууц товчоог босгосон тул түүний нууц товчоо уран сайхны савалгаатай.
Хятад, манж, орос хэлтэй Цэнд гүнийх хятад галигийг үг дараалан буулгаж, хятад хэлний хураангүй орчуулгын утга санааг монгол хэлээр оновчтой сайн орчуулсан гэж Цэрэнсодном гуай үнэлсэн байдаг.

eebee said...

Их олон чухал мэдээ сэлт байна шүү. Би ч одоо их сургуульд хальт үзсэнээс цаашгүй. Гэхдээ Ганга эгчийн энд бичсэн зүйлсийг сонсож байгаагүй санагдана. Баярлалаа

Anonymous said...

Сайн байна уу? Таны блог маш их таалагдлаа. Танай өвөө болох гүн Цэнд гуайн талаар асуух зүйл байнаа. Сайн ноён хан Намнансүрэн гуайн баруун гарын түшмэл хийж явсан хүн биз дээ? Одоогийнхоор бол Цэнд гуай Архангай аймгийн хүн байсан уу...
Ер нь Цэнд гуайн талаар мэдэхийг хүсэж буй зүйл их байнаа. Та бидэнтэй яаралтай холбоо бариарай /заавал холбогдоорой/
99160385, 88176756

Anonymous said...

bape hoodie
ggdb
goyard
kobe byrant shoes
kyrie spongebob
yeezy
kd shoes
supreme clothing
kyrie shoes
steph curry shoes

Anonymous said...

kd shoes
golden goose sneakers outlet
jordan travis scott
hermes handbags outlet
hermes bag outlet
hermes outlet
palm angels hoodie
goyard store
bapesta shoes
giannis antetokounmpo shoes