Монгол сонин олж унших гэж хэнийд хэн нутгаас ирэв гэдгийг бүртгэхээс наагуур ангуучилж байж олон айл дамжиж уншигдсаар ноорсон сониноос л нутгийн тухай юм олж уншдаг байлаа. Тэр нь цаг хугацааны хувьд хуучирсан, улс төржсөн үнэн худал нь мэдэгдэхгүй, хүмүүсийн хувийн амьдрал хөнжил гудас сөхсөн хов жив, хар бараан голдуу мэдээлэл байна. Харьд байгаа хүний сэтгэл сэргээх гэгээнлэг юм бараг байхгүй. Санаагаар унаж гутармаар. Тэгтэл Цахим өртөө гэж нэг сайхан веб нээгдэж, тэнд гарсан зүйлийг алагсалгүй уншдаг боллоо.
Манай ардчиллын анхны алтан харайцайнуудын нэг, авьяаслаг сэтгүүлч, Хонхны Цогтсайхан агсаны дүү, миний найз С.Энхжаргал-Холакова хоёр гурван жилийн өмнө блог гэж нэг сайхан юм нээгджээ гээд дүү Эрин Тулгатын блогийг танилцуулснаар анх блогтой танилцаж билээ. Эрин Тулгатын блогоор анхны пионер блогчдын холбоосоос холбоос дамжин сор болсон Тогоруу, Наранбаяр, Буянцогтоо, Легаси нарын оюунлаг, гэгээнлэг бичлэгүүдтэй танилцаж орчин үеийн монгол залуусын мэдлэгийн хүрээ, сэтгэлгээний царааг аар бахархаж байлаа. Блог тогтмол уншдаг болж блог-фен болвой. Найз нөхдөөс блог нээсэн намайг блогтой болооч гэсэн майл авдаг болоод нэлээд хугацаа өнгөрөв. Өөрийгөө голж нэг хэсэгтээ эргэлзэж явтал бас л Энхээ маань зоригжуулж ноднин арван сард блог нээсэн. Нэг мэдсэн чинь блогтой болоод бараг жил болох нь. Үзсэн харсан, уншсан мэдсэнээ харамгүй хуваалцдаг, юу ч чадахгүй хэнийг ч түшээд авдаг, сайхан хүмүүсийн дунд ороод явчихсан. Блогчдоос их ч юм сурлаа. Олон сайхан блог андтай боллоо. Блог гэж юу болохыг блог хөтөлдөг та нөхдөд би юу хэлэхэв. Шүлэг өгүүллэг бичдэг үгийн жинг цэн тунгаар мэдэрдэг найрагч, зохиолч улс блогчид дунд бас бий. Манай блог андууд блогоо ингэж тодорхойлж байна.
Т.Бум-Эрдэнэ :
Блогныхоо энэ ертөнцийг
Бохироос холхон байлгая
Борхон зүрхний угаас
Боргилон боргилон ундрах
Барагдашгүй нэгэн булаг юм байна
Ганцаас эхэлж олныг хамарсан
Гайхам нэгэн урлан юм байна
Цаг нартай уралдан гарсан
Цахим нэгэн ертөнц юм байна
Газар газрын сонинг агуулсан
Гайгүй сайн төөрдөг байшин юм байна
Тийм гэхийн аргагүй эгэлхэн бас даруухан
Тэмдэглэлийн электрон дэвтэр юм байна
гэж шүлэг найргийн тансаг хэлээр блог ертөнцөө нэг дуулаад,
"Дэлхийг тойрсон агаар мандалын давхрага байдаг шиг, хүн төрөлхтөний бүхий л оюунлаг хүмүүсийн хийсэн бүтээсэн, бичсэн, зурсан, сэтгэсэн нийлээд оюуны мандалын давхрага болж байдаг тухай найзаасаа дуулаад, блог бичдэг, уншдаг найзууд маань мөн нэг тиймэрхүү давхрага байгаа мэт төсөөлөгдөнө. Бидний оюун санаа тэр давхрагыг бий болгох юм. Яагаад ч юм орчин нь мэдээж хий хоосонд нэг харахын зүүд ч юм шиг, нөгөө бодлын огторгуйд ч юм шиг. Гэхдээ сансар шиг харанхуй биш. Нар туссан гэрэл гэгээтэй харагддаг. Тэнд л бид хамгийн чөлөөтэй, дур зоргоороо, хамгийн жаргалтайгаар бие биенээ харж, инээж хөхөрч, заримтай нь гар гараасаа атгалцаж, заримтай нь мөр мөрөн дээрээ алгадалцаж байх юм. Марзан Шарав гуайн "Нэг өдөр" гэдэг зураг шиг төсөөлөгдөнө. Зургаа дахь мэдрэхүй гэдэг шиг бид хий хоосон оюуны орон зайн ертөнцөөр чөлөөтэй тэнүүчлэн, бие биенийхээрээ айлчлан зочилж, найрсагаар амьдарсаар... Оюун мандал байдаг нь үнэн. Гэхдээ энэ нь зөвхөн оюунлаг хүмүүсийнх биш, бүх хүмүүсийн оюун бодлын тусгал болж байдаг мандал байх аа. Үүнийг оросын Винаградов билүү академич нотолж байгаа гээд байсан. Тэр үнэн байх. Тэгэхээр тэр давхаргад хүн л болсон бол хүссэн хүсээгүй таны бодол санаа ул мөрөө үлдээх болно гэсэн үг. Тийм учраас л тэр мандалд сайн сайхан, гэрэл гэгээтэй орон зайгаа үлдээх хэрэгтэй юм. Яагаад гэвэл тэр мандал амархан хиртдэг юм шиг байгаам, хиртээд байна гэдэг нь энд бидний энэ их уур хилэн, харанхуй бурангуй бодол санааны тусгал. Сонирхолтой нь тэр мандал эргээд хүний ертөнцийн оюунд нөлөөлж байдаг байж магадгүй. Тэгэхээр нэг хүн нэг гэлтгүй тэр мандалд ногдож буй өөрийн орон зайгаа гэрэл гэгээтэй болгох хэрэгтэй байх"
гэж гүн ухаан шинжлэх ухаан таалаас блогын тухай бодролоо бас бичсэн байна.
Алтаргана:
„Байгаагаас минь илүүг нэхэж байгаагүй мөртөө байхгүйг минь нөхөж өгдөг миний хонгор чи хэн юм бэ. Амьдрал хэмээх ааш муутай эрхмийн аяыг олох гэж ядаж яваа эгэл нэгэн эмэгтэйн сэтгэлийн гүн дэх мөрөөдлийн ханхүү юу? Эсвэл бүсгүй хүн бүрийн хүслийн гэгээн алсад эрхэмсэг орших төгс төгөлдөр эр үү?
Дүүрэн байнаа гээд бодвол бялхаад байдаг, дутуу юм даа гээд санавал нэхээд байдаг хүн гэдэг чинь сэтгэлийн амьтан юм. Итгэж найдах юмтай байна гэдэг сайхаан… Ганцаараа ч гэсэн хоёулаа…Тийм ээ, энэ бол миний блог…өөр хэнд би ингэтлээ итгэж чадахсан билээ“ гэж блогоо хүний сэтгэлийн хамгийн эрхэм утас дурлалтай зүйрлэсэн байдаг.
Idea:
„...бусдад таалагдах гэж том сэтгэхгүй, бурууг засах гэж асуудал хөндөхгүй, бөөн гүн ухаанлаг амьтан болох гэж бүлт үсрэхгүй, бүгдийг чаддаг царайлж хоосон цэцэрхэхгүй гэгээлэг бодол тээн гэтэж мярааж биш гишгэж цовхорч явахдаа би хязгааргүй дуртай, ...бичих сэдэв толгойд, бэлэн үг цээжинд, билэг авьяас энүүхэнд, бийр янтай халаасанд“ гээд блог дундын чалчих өрөөнд дуугарахаараа шүлэг найраглал хэлчихдэг комент бичихээрээ үндсэн бичлэгээс давчих гээд байдаг, Бэлэн Сэнгэ авхай бидний дунд бас бий.
Блогчид маань "ахмад" пионеруудаасаа жишээ авч энд тэнд эвлэлдэн нэгдэж хамтран ажиллаж эхлээд байгаа. Бидний хэсэгхэн блогчдын бичлэгээр Монцамэ сонины нэг дугаарын нүүр дүүрч гарах гэж байгааг дуулгахад таатай байна.