Sunday, 30 March 2008

Дүйнхэр-Цагийн хүрд

Манай монголчууд юүмтай бурхад гэж цээрлэн нэрлэдэг бурхдын тааллын мөчийг дүрсэлсэн "Жадар", "Ямандаг", "Дүйнхэр" зэрэг хос бурхдын олон торгон зураг байдаг. Богд хааны музейд байгаа хорьдугаар зууны эхэн үеийн нэр нь үл мэдэгдэх зураачийн хар зургаар бүтээсэн, 162х128 хэмжээний "Дүйнхэр" буюу "Цагийн хүрд" торгон зургийг толилуулж байна.
Боталла, Утай, Үржинханд, Дорждан, Шамбал хэмээх таван ариун дагшин орон байдаг гэнэ. Бурхан багш "Цагийн хүрдийг" анх Шамбалын их хаан Даваасамбууд болон бусад 96 хаадад номлосон гэнэ. Цагийн хүрдийн номлол тэр үеэс хойш өөрөөр хэлбэл Энэтхэгийн мэргэн бандида Зилубын үе 1027 оноос бусад оронд түгэн дэлгэрсэн түүхтэй.
Дүйнхэр нь цагийн хүрдний бурхан тул дүр байдал нь эргэн орших цаг улирлыг бэлгэддэг хөх, улаан, шар, цагаан өнгийн дөрвөн тэргүүнтэй, лянх суудал дээр босоо байрлалтай хос бурхад бие биеэ таалж буй зохиомжтой. Цагийн хүрдийг гадаад, дотоод, нууц тарнийн гэж гурав ангилж үзнэ. Гадаад цагийн хүрд нь чухамдаа зурхайн ухаан. Дотоод цагийн хүрд нь нэг хоногт 21600 амьсгал авахыг 12 хуваагаад нэг нэгээр эргэхтэй холбогдсон нарийн номлол, бясалгалыг багтаана. Дотоод гадаад чанар хоёул мөн чанараараа бүтээгүй боловч бурхдын лагшинд ургаж болохыг харуулсан нь нууц тарнийн цагийн хүрд юм байна.
Дөрвөн нүүрний хөх нь хавар, улаан нь зун, шар нь намар, цагаан нь өвөл хэмээх дөрвөн улирлыг бэлгэддэг. Юүм нь газар эхийг бэлгэдсэн шар өнгөтэй, дөрвөн зүг найман зовхисыг төлөөлсөн найман мутартай. Бурхад сахиусын таалсан хатанг ээж гэсэн утгатай хүндэтгэлийн нэрээр юүм гэдэг байна. Дүйнхэр өөрөө хөх улаан цагаан өнгийн олон мутартай мөр тус бүрд нь тохой хүртэл 12 мутартай агаад энэ нь жилийн арван хоёр сарыг бэлгэддэг. Тохойноос салбарласан мутар нийтдээ 24 агаад энэ нь хоногийн хорин дөрвөн цагийг илтгэнэ. Нэг хуруунд гурван үе бий. Гарын арван хурууг түүний үеийн тоогоор үржүүлбэл сард байх хоногийн тоо гуч гарна. Гучийг нийт мутарын тоо 12-оор үржүүлбэл 360 гарна. Үүн дээр дөрвөн тэргүүн, нэг бие нийт тавийг нэмэхэд 365 буюу жилийн хоногийн тоо гарна. Ийнхүү Дүйнхэр бурхны дөрвөн тэргүүн жилийн дөрвөн улирал, олон мутар нь жилийн 12 сар, бүгдээрээ цогцоороо жилийн 365 хоногийг тус тус бэлгэддэг байна.
Цогт охин тэнгэр Балдан лхам, Гартаан очирт Очирваань зэрэг догшид эр чадал илбэ шидээрээ хортон дайсанг хөнөөдөг гэж үздэг. Дүйнхэр бурхны хүч чадал нь эх, эцэг бурхад хамтдаа байж хүртэх таашаал баяслын хүчээр хорвоогийн амьдрал, ертөнцийн залгамж холбоог үүсгэж амьтны тусыг бүтээдэгт байдаг гэнэ.
Гуравдахь мэлмийн тухай домог: Эрт урьдын цагт гэнэ. Шива тэнгэр хатантайгаа тоглон зугаацаж байжээ. Хатан нь хоёр мутраараа Шива тэнгэрийн мэлмийг таглахад орчлон хорвоо хав харанхуй болжээ. Хүн амьтан туйлгүй айн балмагдаж, бүх юмны сүр сүлд хийсэн алга болох шиг болжээ. Орчлонг аврахын тулд Шива хоромхон зуур духан дээрээ гурав дахь мэлмийг бий болгосон гэх. Ийнхүү гуравдахь мэлмийг авралын нүд гэдэг нь энэ домгоос улбаатай.

4 comments:

Anonymous said...

Би ч эхлээд гарчигийг нь хараад мэдээллийн хөтөлбөрийн талаар юм байх гэж бодсон чинь бүүр шал өөр зүйл байна шүү.Их мундаг бодож бүтээсэн бурхан байна цаг,сар жилийг ингэж нэг зүйлд цогцлооно гэж яаж хүний ухаанд буудаг байнаа гайхалтай юмаа.Баярлалаа танд

ganga said...

Эрхцас: Гадныхан Калачакра гэдэг л дээ. Монголчилсон нэрийг тавьсан чинь хүмүүс ТВ-н мэдээллийн хөтөлбөр гээд тойрч гүйгээд байгаа юм байх даа.

Anonymous said...

Eej ene "akinol"-n spam hurdan ustgah heregtei shyy! Ter link ruu ni orj eroos bolohgyi shyy!
Anu

tushgee said...

Би Мөнх Тэнгэрээ л боддог. Ер нь явж явж нэг л Бурхан байдаг байхаа. Бурхан гэж байдаг тэр нь гэхдээ Будда биш л гэж бодож байна.