Thursday 27 March 2008

Цэцэгчин пионер

Би багадаа нийгмийн идэвх сайтай байжээ. Улсын хэмжээний том том хуралд тогтмол оролцдог, гадаад дотоодын том том дарга нарт цэцэг өгдөг пионер байв. Юуны тухай ямар хурал байсныг харин мэдэхгүй. Том хүмүүс аавдаа загинуулсан хүүхэд шиг томоотой сууж байдаг байсан. Хүүхдүүд биднийг улаан бүчээ дэврүүлээд, цагаан цамцаа өмсөөд, цагаан хормогч зүүгээд, бүрээгээ үлээгээд бөмбөрөө дэлдээд яваад орохоор жигтэйхэн юм болно. Зарим нь нойрноосоо цочиж сэрээд сандлаасаа уначих шахна. Зарим нь санаа алдаад болдогсон бол буцаад хүүхэд болохсон гэж цаанаасаа атаархсан янзтай биднийг харна. Зарим нь бүүр уйлна гээч. Багшаас асуусан чинь баярын нулимс гэсэн.

Хүн баярлахаараа бас уйлдаг гэнээ. Жоохон байхад хүүхдүүд өвдөх, ичих, харамсахаараа л голдуу уйлдаг байсан. Манай ангийн Чинзүрх хичээл тарангуут намайг дагаад зодоод уйлуулаад байдаг байсан. Их муухай хүүхэд. Үс зулгаана, хөл гишгэнэ, чернил хагална. Ээждээ хэлсэн чинь тэр хүүхэдтэй нэг ярина гэж амалсан. Харин нэг өдөр сургууль дээр ээж ирчихсэн тэр мууд чихэр өгөөд, толгойг нь илээд ангийнхаа найзыг битгий шоглож бай миний хүү гээд зогсож байсан. Хүүхдүүд шоолоод би ичээд уйлах шахсан. Бүр миний хамгийн дуртай арван нэг хорийн “барбарис” чихрийг өгөөд байхдаа яахав дээ. Өвдөөд юм уу, ичээд хүн уйлдаг байгаа биз дээ. Эмээд эрхэлж дийлэх гэж хааяа худлаа уйлдаг байсан л даа. Гэхдээ нулимс гарч өгөхгүй нь ядаргаатай. Манай байрны Цэцэнбилэг зараа тэжээдэг байсан чинь алга болчихоод бас уйлсан. Харамсаж гашуудахаараа бас жинхэнээрээ уйлдаг юм билээ. Хуралд суудаг том хүмүүс удаан суугаад бие нь хөшиж өвддөг, эсвэл юунаас ч юм их ичдэг, юүнд ч юм их харамсдаг байсан байх аа.

Цэцэг өгдөг хүүхэд болоход амархаан. Пионерийн ордны үлгэрийн танхимд очоод Дагийраз гуайн морин хуур татаад сайхан тууль хайлах, гоё үлгэр ярихыг сонсоод сууж байхад болоо. Дарга нар орж ирээд энэ жижигхэн биетэй, тэр том хацартай, тэр том нүдтэй гээд сонгож авна. Би ааруул хүлхэж байсан чинь намайг том хацартай гээд цэцэгчин болгочихсон. Ёстой нөгөө сраз майор гээчээр шууд гадаадын том даргад цэцэг өгөх болвой. Нэгдүгээр ангид байсан уу, хоёрдугаар ангийн эхний хагас жилд байсан уу санахгүй байна. Ямар ч байсан пионер болж амжаагүй байлаа.

Хичээл таслуулаад, бэлтгэлд гаргачихлаа. Тасалсан хичээлээ том хацарт өөрөө дараа нь ойлгож нөхөж авах учиртай. Сургуулийн захиргаатай яриад албан ёсоор хичээлээс чөлөөлчихөж байгаа юм. Пионер биш нь хамаагүй ээ, нэг их гоё союз галстук олоод зүүлгэчихлээ. Нэг өтгөн хөмсөгтэй хятад хүний зураг үзүүлээд хаанаас гарч ирэх, хэзээ гүйж очих, цэцгийн баглаагаа барингуутаа ёслох, дараа нь хөөрхөн инээх гээд зааж өгсөн. Би ингэж анх цэцэгчин болохдоо Хятадын Мао даргын дараах том хүн, төрийн зөвлөлийн дарга Жоу Энь-Лайд цэцэг барьсан юм. Хамгийн сүүлд манай Ардын Их Хурлын дарга агсан Ж.Самбуу гуайн далан насны ойд цэцэг өргөсөн шиг санаж байна. Бие томроод хацар шуугдаад аяндаа түрэгдсэн. Анги ахиад хичээл олшроод хүндрээд ирэхээр албан ёсоор таслаад байх сонирхолгүй болчихно. Шугам шиг жагсаад, цэрэг шиг ёслоод гар хөлийн дасгал хийгээд дээрээс нь ядарч өлсөж байхад инээмсэглэ гэж загинуулж байснаас чартаа дээс тоглоод, бөмбөг хөөгөөд гүйж явах нь хөгжилтэй.

Түүхэн үйл явдал, хурал, дарга, цэцэг бүгдийг баримтжуулаад зураг авах нь ойлгомжтой. Өргөгдсөн цэцэг барьсан бяцхан гарын эздэд тэр зургийг хэрэг болгож өгөхгүй нь бас ойлгомжтой. Надад лав намын хуралд бат илэрхийлэл илэрхийлж байгаа пионерүүд, том дарга нарт цэцэг өргөж байгаа хүүхдүүдийн зураг байдаггүй байв. Цэцэгчин пионер байснаа ч таг мартчихаж. Сая нутагт очиход нэг найз маань гэртээ урилаа. Зургийн цомог үзүүлж байснаа хоёр гурван зураг өгөхөд л улаан галстуктай бага насаа эргэж санасан. Тэр анд маань Монголоос гадаадад суугаа элчин сайдын яаманд ажиллаж байсан. Элчингийн сурталчилгааны зургийн фондоос миний багийн зургийг таниад сэмхэн шуучихаж. Өчнөөн олон жил хадгалсан юм одоо эзэндээ очиг гээд өгсөн юм. Би сахилгагүй үл бүтэх этгээд байж дээ. Зураг дээр Цэдэнбал, Жоу Энь-Лай гэсэн хоёр том даргын дунд хэдхэн мөч хүндэтгэл үзүүлээд хүн шиг зогсож чадахгүй өлмийгөө огсойлгоод яажийгаад байж байгаагий нээ. Цэцгийн баглаа нь яасан үзэмжгүй жул юм. За энэ ч яахав. Харин энэ дарга нар ямар хэргээр уулзсан юм бол?

Насаараа хөөгөөд юун айлчлал болсныг тодруулах гэж оролдов. Энд түүхийн олигтой номгүйн учир таамаг төдий зураг гарч байна. Орос Хятад хоёр илт сөргөлдөөд харилцаа нь муудчихсан байсан үе. Орос Хятадын аль аль нь Монголыг өөрсдийн нөлөөнд байлгах гэж элдвээр оролдож ах дүүгийн тусламж, амьд ажиллах хүч харамгүй илгээж байсан үе.

Тэр үед Хятадын эдийн засаг нь төдийлөн бэхжээгүй, өөрсдөө Оросоос тусламж авдаг байсан атлаа манайд 160 сая рублийн буцалтгүй тусламж олгож байсан нь сонин. Жоу Энь-Лай 1960 онд Монголд айлчлан 200 сая рублийн хөнгөлөлттэй зээл өгөхөөр болсон байдаг. Манайд тавиад оны сүүлч, жараад оны эхээр гэрээгээр олон хятад ажилчид ажиллаж байсан. Дараа тэднийг албадан гаргасан. 1961 онд манай улс НҮБ-д гишүүнээр элссэн. Монгол Хятадын хилийг нарийвчлан тогтоох хилийн гэрээ хэлэлцээр хийгдсэн. Тэгэхээр энэ зураг Цэдэнбал, Жоу Энь-Лай нар гарын үсэг зурсан хятад ажилчдын асуудал, хилийн хэлэлцээр, гадаад худалдааг зохицуулсан уулзалт, буцалтгүй тусламж үзүүлсэн айлчлалын аль нэгний баримт байх. Дашрамд дурдахад арын эгнээнд зүүн талаас хоёрт байгаа эрхэм бол тухайн үедээ төрийн эргэлт гаргахаа шахсан Цэнд дарга шиг.

13 comments:

Anonymous said...

Дурсамжтай л хүүхэд нас байна ш дээ,гэхдээ л нээрээ дээс чирта тоглоод явж байх нь илүү л сайхан байсан байх дээ тэр үед.

Anonymous said...

Howor zurag baina daa.

ganga said...

erhtsas: odoo ch huuhduud byatshan miss, o'svoriin parlament ene terd oroltsoj yavsnaas Barby yumuu, PC togloomoo toglood huuhed nasaa normal o'ngoroovol deer baih aa.
arsun: harin neeree hovor shuu, bi ene jil l olj avsan.

бж said...

Haha, yamar huurhun dursamj ve. Ih hovor sonin zurag olj avch dee, ta.
tanai eejiig bodson chini yun huurhun yum be dee, ter zodoonch huug laag panaaldsan baina shd. Ternees hoish taniig zodoogui biz dee? Bas lut nertei huu yumaa, tee.
Bid nar bas nam evleliin ih hurliin ilerhiileltend oroltsono geed hicheelees mun ch ih chuluulugddug baij bilee.
kkkkk. Tom hatsartai Ganga egch... nudend haragdaad yavchihlaa. Amandaa aaruul hiichihsen baisan gedgiig chini unshaad baahan ineelee.

Bas ch gej ter uyed Hyatadiin tuslamjaar neleed baishin barilga bariulaad avsan baih shuu. 120000-t lav ih sain barigdsan yum shig sanagddag.

бж said...

Ta bid 2 zurulduj guigeed l, 1-hen minutiin zaitai comment bichsen baina shd.

peakfinder said...

Hovor sonin zurag baina shuu.

Anonymous said...

zarimdaa ch neeree huuhed uedee ochihson gej bodoh l yum. Argaa yadsan bodol baihaa daa. Ter ued tsetsegchin huuhduud ih l goyo haragddag baij bilee. Minii medehiin jujigchin Onon chini yag tsetseg baridag huuhed baij bilee. Huuhed nasaa gej...

Anonymous said...

Goe dursgaltai zurag baina. Hun gedeg amitan chini bas bayarlahaaraa uildiimshte, ta meddeggui yu esvel alialav uu?

ganga said...

Ganaa: Haramsaltai ni zasral avdaggui hunii neg baisan daa. Angi ulirsaar huligaan bolood huuhdiin kolonid ochson.
Bum: Niigmiin gaj togtoltsoo ch yumuu, amidraliin eedreed hun huuhed baihad saihan baij gej boddog baih daa, hariutslaga baihgui
anonym: Hun bayarlahaar bas uildagiig meddeggui hun gej haana baihav dee. Joohon huuhdiin bodloor eruul bish niigemd baisan gedgee haruulah gesen sanaatai. Oligtoi gargaj chadaagui bololtoi, alialsan shig sanagdsan bol.

ZAYA said...

Ёстой ховор дээр үеийн сайхан зураг байнаа.
Таныг 1,2-р ангийн сурагч байхад, би бүр сураггүй байжээ.

Оогий said...

yaasan goyo zurag we. xuuxed nas xunii xamgiin saixan ye shuu.

yanmaneee said...

stephen curry shoes
moncler coat
yeezy boost 380
stone island
steph curry shoes
kenzo clothing
stephen curry shoes
golden goose sneakers
kawhi leonard shoes
curry 7 sour patch

Anonymous said...

jordan shoes
off white outlet online
kyrie irving shoes
bape
bape
gap yeezy
jordans
alexander mcqueen outlet
giannis shoes
ggdb outlet